Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны 385-р тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат томилогдон ажилласан.
Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томиллоо.
Байгууллагын тамга, ажил хүлээлцүүлэх арга хэмжээг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт удирдан, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдах албан тушаалтнууд байлцлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, орлогыг 3.6 дахин, нүүрс борлуулалтыг 3.9 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн ажилласан байна.