Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж байна. Энэ хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болгон өөрчлөх аж. Монгол Улсад гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль байх ёстой гэсэн үүднээс дээрх өөрчлөлтийг ийнхүү хийхээр болсон байна.
Онцлох өөрчлөлтийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдэгт анхаарч, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд харьцангуй давуу талыг улам нэмэгдүүлсэн, урамшууллын зохих бодлогуудыг тусгахаар байна. Уг хууль нь малгай хууль учраас салбар бүрийн асуудлуудыг зохицуулахгүй аж. Харин Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ 4 жилийн мөрийн хөтөлбөртөө тусгаж УИХ-аар батлуулдаг байх концепцыг оруулж ирэх юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эрх барих 4 жилдээ аль чиглэлд илүү анхаарч ГШХО татаж, хэрхэн дэмжихээ тодорхойлно гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл болгон өөрчилж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, бодлогын зөвлөмж гаргадаг, чухал шаардлагатай бодлогуудыг зангиддаг байгууллага болгох аж. Уг зөвлөлд хувийн хэвшлийн, бизнесийн танхимуудын төлөөллүүд багтах юм. Мөн хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээж авдаг, хөрөнгө оруулагчдын дунд эсвэл төрийн байгууллагатай үүссэн асуудлыг эвлэрүүлэн зуучилдаг, омбудсмэн байдлаар оролцдог байх үүрэг хүлээх юм байна.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын Хөрөнгө оруулалт хариуцсан албан бус зөвлөх Г.Жавхлантөгс "Хуулийн шинэчилсэн найруулга учраас нэрнээсээ авахуулаад 50-аас дээш хувь нь өөрчлөгдөнө. Өмнөх Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгад төрийн албан хаагчдад хариуцлага тооцох, маргаан шийдвэрлэх талаар нааштай алхмуудыг тусгасан. Эдгээр давуу талыг нь хадгалаад шинээр нэмэлт өөрчлөлт оруулах юм. Тиймд энэхүү хууль ихээхэн шинэчлэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Малгай хууль байх учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг бусад хуульд өөрчлөлт орно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын эко систем маань илүү сайжирна гэж ойлгож болно" хэмээн Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын "Өглөөний уулзалт"-ын үеэр онцолсон юм.