"Эрдэнэт үйлдвэр"-ийн хүдэр боловсруулалтын хүчин чадал 40 сая тоннд хүрлээ
6 Өдрийн өмнө
344
"Эрдэнэт үйлдвэр"-ийн хүдэр боловсруулалтын хүчин чадал 40 сая тоннд хүрлээ
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын нэг “Хүдэр боловсруулалтын өргөтгөл”-ийн нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Эрдэнэтуяа нарын зочид төлөөлөгчид, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон болон удирдлагууд, Баяжуулах үйлдвэрийн уурхайчдын төлөөлөл оролцлоо.
May be an image of 1 person
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, тус яамны сайд Ц.Тувааны мэндчилгээг уурхайчдад уламжлан, Монгол улсын уул уурхайн салбарыг тэргүүлж, улс орны нийгэм эдийн засгийн гол ачааг үүрч, амжилттай ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийнхэндээ баяр хүргэе гэсэн юм. Хуучин зүйлийг засаж, шинэ болгож болдогийн тод жишээг харуулж, аж үйлдвэржилтийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэн, үлгэр жишээг үзүүлж чадсан Эрдэнэтийн уурхайчид та бүхэн бидний бахархал юм гэж баярын мэндчилгээндээ онцоллоо. 
 
Сүүлийн дөрвөн жилд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг нэмж, жилд боловсруулах хүдрийн хэмжээг 40 саяд хүргэх бүтээн байгуулалтын төсөл ийнхүү амжилттай хэрэгжиж, хүчит тээрэм эргэж эхэллээ. "Өнөөдөр бид Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлэх шинэ 4-р шугамын өргөтгөлийн ажлыг хүлээн авч байгаа нь энэхүү том зорилтын нэг чухал хэсэг" хэмээн Ерөнхий захирал Г.Ёндон нээлтийн үгэндээ тодотгосон юм.
May be an image of 1 person and text
Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглаж эхлээд 46 дахь жилдээ ажиллаж байна. 1978 оны 12 сарын 14-ний өдөр эхний ээлжийг залгаж, анхны баяжмалаа гаргаж байх үед хүдэр дэх зэсийн агуулга 0.89 хувийн агуулгатай байсан бол одоо 0.36 хувьтай болж буурсан. Өөрөөр хэлбэл, анхдагч хүдэр дэх металлын агуулга 3 дахин буурсан гэсэн үг. Тиймээс үе шаттайгаар эцсийн бүтээгдэхүүний гарцыг хэвийн хэмжээнд барихын тулд техник технологийн шинэчлэлийг хийж ирлээ. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 6 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөлийн төслийг 2020 онд эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж бүрэн дуусгаад байна.
 
"Жилд 6 сая тонноор хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх энэхүү өргөтгөлийн тоног төхөөрөмж болон барилга байгууламжийн ажлаа дуусгаж, хоёр жилийн хугацаанд ажиллуулж, технологийг бүрэн нутагшуулж, тоног төхөөрөмжийн аюулгүй найдвартай байдлыг хангасны үндсэн дээр өнөөдөр нээж байна. Тодруулбал, хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсөн гэж хэлж болно. Энэ төсөл ашиглалтад орсноор, хоёр жилийн хугацаанд 336 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож байна" гэж Төслийн удирдагч, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ярилаа.
 
Өнгөрсөн 8 сарын 22-нд Баяжуулах үйлдвэрийнхэн хүдэр боловсруулалтын 4-р шугамд өргөтгөл хийж, хүчин чадлаа 2 сая тонноор нэмэгдүүллээ. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалт жилд 40 сая тонны хүчин чадалд хүрч байгаа юм.
 
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн “Хүдэр боловсруулалтын өргөтгөл”-ийн нээлтийн ёслолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон тэргүүтэй зочид оролцож байна.
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд заасаны дагуу энэхүү Өөрөө нунтаглах хэсгийн 4 дүгээр шугамын хүчин чадлыг 2 сая тн-оор нэмэгдүүлэн, 40 сая тн-д хүргэх төслийг хэрэгжүүлж, энэ оны 8 дугаар сараас туршилт тохируулга хийн, ажиллуулж байна. Мөн 1978 оноос ажиллаж байгаа хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамыг шинэчлэх, хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна. Өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал 40 сая тоннд хүрэх нөхцөл ийнхүү бүрдэх юм.
 
Уурхайн уул-геологийн хүндэрч буй нөхцөл байдлаас шалтгаалан 2017-2022 оны хугацаанд Баяжуулах үйлдвэрийн боловсруулсан хүдэр дэх зэсийн агуулга 0.42-0.36% хүртэл буурч, зэсийн баяжмал гаргалт 604-574 мян.тн болж багассан. Эцсийн бүтээгдэхүүний гарц буурснаар өртөг зардал өсөж, эдийн засгийн алдагдалд хүрэх эрсдэл дагуулсаар байсан.

Иймд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах суурилагдсан хүчин чадлыг жилийн 32 сая тн-оос нэмэгдүүлэн 38 сая тн болгох, цаашлаад 40 сая тоннд хүргэж, зэсийн баяжмал гаргалтыг хүрсэн түвшинд нь тогтвортой барих зорилтын хүрээнд дээрх төсөл хэрэгжиж, хөрөнгө оруулалтаа 2.5 жилийн хугацаанд нөхөхөөр байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 136.9 сая ам.доллар болжээ.

May be an image of 3 people and text

May be an image of 6 people and text

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.