"Монгол Улсын нийгэм, эдийн засагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” сэдэвт судалгааны ажлын тайланг танилцуулах хурал Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд өнөөдөр /2024.12.11/ зохион байгуулагдлаа. Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон үйлдвэрийн өнөөгийн байдал, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ явцыг танилцуулсан юм.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд зэсийн баяжмалынхаа тодорхой хэсгийг биржээр арилжаалж эхэлснээр багагүй хугацаа өнгөрч байна. Биржийн арилжаа нь уул уурхайн салбарын ил тод байдалд онцгой үүрэг гүйцэтгэж, эрдэс түүхий эдийн худалдаанд шинэ үүд хаалга нээсэн билээ.
Зэсийн баяжмалын арилжааг "Эрдэнэт үйлдвэр" өнгөрсөн хавар /2024.04.29/ эхлүүлж, 24 мянган тонн зэсийн баяжмал биржээр амжилттай борлуулж, арилжаа эхэлсэн цагаас хойш нийт найман удаагийн захиалга Монголын хөрөнгийн бирж рүү хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, арилжаанд 3000 тонн буюу нийт 18 мянган тонн бүтээгдэхүүнээ тавиад байсан гэсэн үг.
Энэ оны хувьд "Эрдэнэт үйлдвэр" нийт баяжмалынхаа 5 хувь буюу 30 мянган тонн, ирэх жил энэ хэмжээгээ хоёр дахин их буюу 10 хувийг биржээр арилжаалахаар төлөвлөж байгааг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон хэллээ. Тус үйлдвэр цаашид тууштайгаар зэсийн баяжмалаа ил тод, нээлттэй арилжаа руу чиглүүлж, төрийн өмчит үйлдвэрийн газрын орж, гарч байгаа мөнгөн урсгалаа "шилэн хорго" шиг байлгах бодлогын нэг алхам нь биржийн арилжаа гэдгийг удирдлагын зүгээс тодотгосон юм.