Монгол Улсын цементийн хэрэглээний 40 гаруй хувийг дангаар хангадаг “МАК Евро Цемент”-ийн нийт үйлдвэрлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд 5 сая тонныг давлаа.
МАК Евро Цемент үйлдвэр нь цементийн технологиор дэлхийд тэргүүлэгч европ технологи, арга туршлагын дагуу эх орны эрдэс, түүхий эдээр баялаг бүтээж буй Монголын анхны бүрэн автомат робот лабораторитой, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах уг үйлдвэр нь Данийн Вант Улсын 140 гаруй жилийн түүхтэй FLSmidth брэндийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Өдгөө 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус үйлдвэрт 100 хувь Монгол инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн 1,200 гаруй хүн ажиллаж байна.
“Монголын Алт” (МАК) ХХК энэхүү үйлдвэрийг Монгол Улсын Хөгжлийн Банкны 70,9 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр бүтээн байгуулсан бөгөөд 2023 онд зээлийн эргэн төлөлтөө, хүүгийн төлбөрийн хамт бүрэн барагдуулж дууссан юм. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэл хөгжсөнөөр импортын цементэд жил бүр 100 орчим сая ам.долларын валют гадагш урсдаг байсныг халах нөхцөл бүрдсэн юм.
Үүнээс гадна МАК Цементийн үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцдаг “МАК Цемент ХХК” нь 2021 оноос үндэсний шилдэг ААН-ээр шалгарч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл улс, орон нутгийн төсөвт нийт 153.7 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байна. МАК Цемент ХХК нь 2023 оны үндэсний шилдэг ТОП-100 аж ахуй нэгжийн 44 дүгээрт эрэмбэлэгдсэн юм.
Түүнчлэн МАК Цементийн үйлдвэр нь үйл ажиллагаандаа Европын 14 (EN), үндэсний 6 (MNS), Олон улсын 1 (ISO) стандартыг мөрдлөг болгон ажилладаг бөгөөд Монгол улсад европын 14 стандартыг нутагшуулан үндэсний стандарт болгон батлуулаад байгаа юм.
Тус үйлдвэр нь өргөн хэрэглээний, хүнд болон хөнгөн даацын, тусгай зориулалтын, усанд тэсвэртэй, шүлтлэг орчинд тэсвэртэй зэрэг 6 төрлийн цементийг европ стандартын дагуу үйлдвэрлэж байгаа ба бүтээгдэхүүний чанар, хяналтыг түүхий эдээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагаас дээж авч, итгэмжлэгдсэн, бүрэн автомат робот лабораторид шинжлэн баталгаажуулдаг онцлогтой юм.