2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр – Европын Холбоо, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх хаалтын арга хэмжээ болж өнгөрлөө.
Европын Холбооноос Монгол Улсад олгосон 50.8 сая еврогийн төсвийн шууд дэмжлэгийн хүрээнд 2020 оны 10 дугаар сараас хэрэгжүүлсэн нийт 7.4 сая еврогийн санхүүжилттэй техник туслалцааны энэхүү төсөл нь төсөв, санхүүгийн удирдлага, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог шинэчлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ингэхдээ төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулах замаар тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахад түлхэц болохуйц ихээхэн ажлуудыг хэрэгжүүлсэн байна.
Төслийн хүрээнд Монгол улсын хөгжлийн бодлого, төсвийн уялдааг хангахад дэмжлэг үзүүлж, улмаар зургаан төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг орон нутгийн түвшинд 2025 оны төсвийн төслийг үр дүнд суурилан боловсруулж, 2023 жилийн эцэс болон 2024 оны төсвийн эхний хагас жилийн хөтөлбөр, арга хэмжээд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүнгийн тайланг боловсруулан, нийтлэв. Мөн холбогдох төсвийн хөтөлбөрийн систем, санхүү, төсвийн тайлагналын системийг хөгжүүлсэн нь томоохон үр дүнгүүдийн нэгээхэн хэсэг юм. Түүнчлэн, төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр олон нийт болон Улсын их хурлын төсвийн хяналтыг сайжруулах, холбогдох бодлого арга хэмжээний үр дүнтэй байдалд дүн шинжилгээ хийх, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийх, төсвийн хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлсэн байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд үр дүнтэй, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг нэвтрүүлэх, цалинтай болон хувиараа хөдөлмөр эрхлэх боломжуудыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт эрэлтэд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, хүртээмжтэй сургалтын орчин бий болгох, түүнчлэн Үндэсний мэргэшлийн шаталсан бүтэц батлуулах, Боловсролын олон улсын стандарт ангилалтай нийцүүлэх зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн. Хөдөлмөрийн хяналтын байцаагчдын чадавх бэхжүүлэх, зохистой хөдөлмөр, залуучуудын хөдөлмөр эрхлэх эрхийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх замаар олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төслийн үр дүн, хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, тогтолцоо, хүртээмжийг сайжруулах, үр дүнд суурилсан бодлого, төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлэн цаашид улам сайжруулан, тогтвортойгоор иргэдийн болоод нийгэм, эдийн засгийн хөгжилд хувьд нэмэр оруулсаар байх болно” хэмээн онцлон тэмдэглэв.
Төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, экспортын чиг баримжаатай Ингэний сүү болон Бог малын дотор махны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн үйл ажиллагаа нь эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хүнс хөдөө аж ахуйн салбарын шинэлэг залуу бизнесүүдийг дэмжих, технологийн шинэчлэлийг салбарт нэвтрүүлэхэд ихээхэн ахиц дэвшил авчирсан.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Европын Холбоо-Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 35 жилийн түүхэнд энэхүү төсөл нь нэгэн чухал амжилтын илэрхийлэл болж буйг онцолж, улмаар “Чадавх бэхжүүлэх, мэдлэгээ хуваалцах ажлыг тууштай хэрэгжүүлж, төсөв санхүүгийн удирдлага болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төслийн хүрээнд хуримтлуулсан сайн туршлагуудыг цаашид түгээн дэлгэрүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн илэрхийлэв.
Арга хэмжээний үеэр талууд төслийн үр дүнг цаашид тогтвортой авч явах, нэн ялангуяа Үр дүнд суурилсан төсөвлөлт болон хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийгдсэн ажлуудыг бүтэц тогтолцооны түвшинд тууштай сайжруулан хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцэж, санал солилцлоо. Түүнчлэн, төслийн хүрээнд боловсруулсан мэдлэгийн бүтээгдэхүүнүүдийг байршуулсан төслийн цахим сайтыг оролцогчдод танилцуулж, хүлээлгэн өглөө.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска арга хэмжээний төгсөлд “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид хамтдаа хүн болон байгаль төвтэй тогтвортой хөгжилд хүргэх үндэсний суурийг тавьж чадлаа. Бид тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, арга замаа бэлдлээ, алсын хараа ч тодорхой байна. Харин одоо хамтын хүчээр босгосон амжилтаа тууштай ахиулж, хөгжил дэвшлийг бүтээцгээе” хэмээн уриаллаа.
Төслийн хүрээнд 17,000 гаруй төрийн албан хаагчийн чадавхийг үр дүнд суурилсан удирдлага, төсвийн хяналт, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн хэм хэмжээ зэрэг чиглэлээр бэхжүүлсэн нь үр дүнгийн тогтвортой байдлыг хангаад зогсохгүй ажил хайгч, ажилгүй иргэд, түүний дотор алслагдсан нутгийн залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, мөн бүтээмж, сэтгэл ханамж өндөртэй ажилтан эрэлхийлсэн ажил олгогч болон хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахын эрмэлзсэн ажилтнууд зэрэг зуу зуун мянган иргэдэд төслийн үр шим хүрэхэд нөлөөлж байна.
Европын Холбооны тухай
Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
ХХААБ-ын тухай
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) нь хүн бүрт хүнсний аюулгүй байдлыг хангах, хэнийг ч хоцроохгүй байх зорилготой олон улсын тэргүүлэх байгууллага юм. 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ХХААБ нь өлсгөлөнг устгах, шим тэжээлийг сайжруулах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр ажилладаг. ХХААБ нь "Дөрвөн илүү сайхан" буюу "Илүү сайн үйлдвэрлэл", "Илүү сайн шим тэжээл", "Илүү сайхан хүрээлэн буй орчин ", "Илүү сайн сайхан амьдрал"-зарчмын хүрээнд засгийн газрууд, иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн тулгамдсан асуудлуудад шинэлэг, тогтвортой шийдлүүдийг санал болгож, хүн төрөлхтөн болон гариг дэлхийн тогтвортой, тэгш ирээдүйг бий болгоход хувь нэмэр оруулж байна.
ОУХБ-ын тухай
Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлье.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг юм. Бид засгийн газар, ажил олгогч, ажилтны нийгмийн түншлэл, хэлэлцээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, хүн бүрийг нийгмийн хамгаалалд хамруулахдаа хүн төвтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэн хөдөлмөрийн сайхан ирээдүйг бүтээхийг зорьж байна.