"Эрдэнэт үйлдвэр"-ийн 45 жил, Эрдэнэтийн-овоо ордыг нээн, эрэл-хайгуул эхлүүлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “ЭРДЭНЭТИЙН-ОВОО-60” үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төвийн “Оюу” танхимд Үндэсний геологийн алба, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, ШУТИС, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулах гэж байна.
Эрдэнэтийн-овоо ордыг ашиглаж эхэлснээс хойш өнгөрсөн 45 жилийн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" улс эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд, тэр дотроос геологийн шинжлэх ухаан, геологийн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж ирсэн.
Зөвхөн 2022 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 574 мянган тонн зэсийн, 5.9 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэж, улсын төсвийн орлогын 10.5 хувьд ногдох 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн бол энэ онд 2 их наяд төгрөгт хүргэх төлөвтэй байна.
Түүхэн ой нь тохиож байгаа Эрдэнэтийн-овоо орд, Эрдэнэтийн хүдрийн дүүрэг, ордын судлагдсан байдлын өнөөгийн түвшинд дүгнэлт хийж, цаашдын чиглэлээ тодорхойлох нь Эрдэм шинжилгээний хурлын зорилго аж.