Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар өнөөдөр эцэслэн баталлаа. УИХ-аар яаралтай горимоор хэлэлцсэн бөгөөд Цөмийн энергийн тухай хууль, дагалдуулан Татварын тухай, Компанийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт хийх саналыг Засгийн газар УИХ-д өргөн барьсан.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Цөмийн энергийн тухай хууль батлагдаж хууль, хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг хамтад нь хэлэлцдэг буруу жишгээс саллаа. Хуульд нийцүүлж хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийгддэг улс эх орны эрх ашиг, ирээдүй хойч үед хэрэгтэй зөв жишгийг тогтоолоо. "Оюу Толгой" төсөл шиг гэрээний алдаа дахин давтахгүйн тулд АМНАТ-ын дээд таазын хязгаарыг өөрчилж өсөн нэмэгддэг орчныг хуулиар бүрдүүллээ. 27 жил гацсан ураны төсөл, бусад төсөл хөтөлбөрүүд урагшилж, улс эх орон, ард түмэнд ашигтай байх нөхцөл бүрдлээ. Гадны хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалт, тодорхой хууль эрх зүйн орчин бий боллоо" гэв.