ТОМИЛОЛТ: Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг тодорхойлох 5 баримт
ТОМИЛОЛТ: Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг тодорхойлох 5 баримт

Монгол, Хятад хоёр орны эдийн засгийн харилцааны талаар хэд хэдэн статистик тоо авч үзье. Манай гадаад худалдааны 90 орчим хувь нь урд хөрштэй хийгдэж байна. Уул уурхайн нийт экспортын 80 гаруй хувь нь мөн л Хятадтай холбогдох. Өмнөд хөршийн зах зээл рүү л үндсэндээ экспорт, импортын гол урсгал чиглэж, эдийн засагт жин дарах харилцаа энд өрнөж байна.

Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн аль аль нь урд хөрш рүү хүрч байгаа. Дан ганц манай улс бас ийм байгаа юм биш. Хөгжиж буй болон хөгжингүй орнууд ч мөн адил дээрх замаар Хятадтай харилцаж, худалдаа, эдийн засгийн эрх ашиг дээр огтлолцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад хийсэн ажлын айлчлалаараа: 

1.
Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд ажиллаж эхэлсэн. Эдгээр төслийн нэг нь "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц". Хамгийн их хүлээлт дагуулсан төсөл. Улс төрийн хүрээнд ч, орон нутагт ч, нийгмээс ч дэмжлэг, бас эсэргүүцэлтэй тулсан. Товчоор их юм үзэж яваа төсөл. Уг төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилт Ерөнхий сайдын айлчлалаар Шанхайд эцэслэн шийдэгдлээ. Ингэснээр зээлийн шугам нээгдэж, эрчим хүчний салбарт шинэ сэргэлт авчрах шинэ нөхцөл бүрдэж байна. 

БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр болсон. Энэ 11 төслийн нэгт нь "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ыг барих төсөл эрэмбэлэгдэж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нарын Шанхай хотноо хийсэн албан ёсны уулзалтын үр дүнд "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" хөдөлж байна. Айлчлалын үр дүнг шат ахиулсан, магадгүй энэ удаагийн албан айлчлалын гол үр дүнд энд илүүтэй яригдах байх. 

2.
Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид 20 тэрбумд хүргэхээр талууд зорьж буй. Энэхүү дүнд богино хугацаанд хүргэхэд "Шанхай экспо"-ны нөлөөг чамлаж болохгүй юм. Хятадын олон улсын импортын экспо /Шанхайн экспо/ нь улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахуйц арга хэмжээ гэж үнэлэгдэх болсон. Тиймээс аж ахуйн нэгжүүд ихээхэн ач холбогдол өгч, тал талаас ирдэг юм байна.

Манайхаас л гэхэд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн 30 гаруй компанийн захирлууд тус экспог зорин ирж, үүнээс 10 гаруй нь өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ "Шанхайн экспо"-д танилцуулсан юм. Тэдний дунд 3, 4 дэх жилдээ оролцож байгаа нь давамгай байлаа. Экспогоор томоохон дүнтэй борлуулалт хийдэг, захиалга авдаг гэж байсан. 

3.
7 дахь удаагийн "Шанхайн экспо"-д манай улс дэлхийд танигдсан ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн салбарынхаа хөгжил дэвшил, зах зээлд өрсөлдөх боломжийг өргөнөөр танилцуулсан нь ихээхэн шинэ содон байлаа. Өмнө нь бид уул уурхайн бус экспорт гэгдэх ноос ноолуур, шингэн хүнс, самар тэргүүтэй бүтээгдэхүүнээ авчирдаг байж. Энэ удаа уламжлалаа ч алдсангүй, уул уурхайгаа ч орхисонгүй. 

"Цаашид байгалийн баялгийн бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэлд суурилсан ханган нийлүүлэгчийн байр сууринд Монгол Улс шилжих зорилготой" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын тэргүүлэх экспог нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Өөрийн орны амбийцаа Ерөнхий сайд нуусангүй, харин илэн далангүй нэлээд тодорхой илэрхийлнэ лээ. Экспод "Эрдэнэс Монгол" нэгдэл оролцож, аж үйлдвэрийн салбарт өөрчлөлт, шинэчлэл авчрах Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүдээ танилцуулсан нь дээрх амбийцыг улам бататгав.

4.
16 жил гэдэг хүний амьдралын урт хугацаа. Ийм цаг хугацааг Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам тойрсон улстөржилт, ашиг сонирхолд бид алджээ. Эдийн засгийн алдагдсан боломжийн өртөг гэгчийг энд тооцох аваас тооны машинд магтахгүй том тоо гарах биз ээ. Хэдий ийм цаг хугацааг барсан ч Гашуусухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам тойрсон эргэлзээ арилж, төмөр замын гүүрийг хамтран барих хэлэлцээр Ерөнхий сайдын айлчлалаар хүчин төгөлдөр боллоо.

Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдлаа. Одоо гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх их ажил Хамтарсан Засгийн газрыг хүлээж байна. 

5. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй ажлын айлчлал эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, "Шанхайны экспо"-ны түвшинд эргэлдсэнгүй. Хоног хугацаа давчуу хэдий ч маш завгүй томилолтын хөтөлбөр биднийг угтсан юм. Хөтөлбөрийн дагуу Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэв. Энд ирсэн шалтаг, шалтгаан Улаанбаатар хотын авто замын түгжрэл, хот төлөвлөлттэй шууд холбогдож байсан юм.

Үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байна. Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг, 24.8 сая хүн амтай. Тус улсын төр засгийн зүгээс Шанхай хотыг далайн боомтод тулгуурлаж үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг 1990 оноос тогтвортой, идэвхтэй хэрэгжүүлснээр Хятадын санхүү, эдийн засгийн төв болж хөгжжээ.

Шанхай хот түмэн хөлийн газар боловч авто замын түгжрэлийн эсрэг бодитой өөрчлөлтүүдийг хийж чадсан байна. Тэрчлэн хот байгуулалт, хот төлөвлөлтийг бусдад сайны жишиг болохуйц өндөр түвшинд хөгжүүлж чадсан байна. Эдгээр нь хамтарсан Засгийн газрын цаашдын үйл хэрэгт тусгалаа олж, нийгмийн стресс багатай аж төрөх орчныг иргэддээ бүрдүүлэхэд үр дүнгээ өгнө гэж найдах үлдлээ.

Том зургаар нь авч үзвэл Ерөнхий сайдын энэ удаагийн Хятад хийсэн ажлын айлчлал богц дүүрэн гэсэн дүгнэлт рүү хөтөлж байна. Айлчлалын хэмжүүр болсон богц дотор хоёр талын худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновац, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцож чадлаа.  

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.