ТОМИЛОЛТ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын айлчлал эрчим хүч, уул уурхайн салбарт шинэ боломж нээлээ
ТОМИЛОЛТ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын айлчлал эрчим хүч, уул уурхайн салбарт шинэ боломж нээлээ

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Шанхайд эцэслэн шийдлээ-

Ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлэг парламент дотор өндрөө авчихсан, эрчим хүчний үнэ тариф олны санаа бодлыг уралдуулсан, эдгээрийг дагасан улс төр, нийгмийн "уур амьсгал" ширүүссэн цаг үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын айлчлалаа БНХАУ-д өнгөрсөн долоо хоногт хийж таарсан юм.

Улс төрийн дотоод нөхцөл байдлаа ажих юм бол, өргөн барьсан төсвөө гэр дотроо хамгаална гэх юм бол Ерөнхий сайд явж үл болохоор. Харин төсвийн ирээдүйн орлогоо өсгөх, гадаадын хөрөнгө оруулалт татах, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлэх, эрчим хүчний хараат байдлаас улсаараа гарах, бусдын өмнө Монгол Улс хэлсэндээ хүрэх, зориод буй "Шинэ сэргэлт" рүүгээ даруйхан хүрч очиход Хятадад товлогдсон энэхүү ажлын айлчлал нэн чухал байлаа. Түүний айлчлал Шанхай хотоос эхэлж, Хятадын олон улсын импортын 7 дахь удаагийн экспогоор үргэлжилсэн юм. 

Цар тахлын үед ч цалгардаагүй "Шанхайн экспо" өнөө Хятадын зах зээлд тэмүүлсэн олон орны зорин ирэх гол талбар нь болж байна. Энэ аварга зах зээлд экспортын баримжаатай компаниуд өөрийгөө таниулах, зах зээлийн боломжоос хүртэх, түншлэх нь тэр хэрээр ач холбогдол өндөр болсныг 7 дахь удаагийн экспо харууллаа. Тийм ч учраас Монголоос Худалдаа, аж үйлдвэрийн танхим ахалсан 30 гаруй компанийн захирлууд Шанхайд ирцгээж, үүний 10 гаруй нь экспод өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн оролцоод ирлээ. 
May be an image of 10 people and text
Уламжлалт ноос ноолуур, шингэн хүнс, самарнаас гадна уул уурхайн салбарынхан, тэр тусмаа "Эрдэнэс Монгол" нэгдэл, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам анх удаа хөрөнгө оруулалт татах шаардлагатай төслүүд болоод салбарын потенциал, боломжоо тусгай талбай засан танилцуулсан нь ихээхэн шинэлэг байлаа. Монголыг харах нэг өнцөг нь уул уурхай маргаангүй юм. 

2018 оноос эхлэн зохион байгуулагдсан Хятадын импортын олон улсын экспо нь тав хоногийн турш үүдээ нээж, олны урсгалыг өөртөө татав. Экспо олны хөлд дарагддаг юм байна. Жилээс жилд оролцогчдын цар хүрээ нь нэмэгдэж, энд хийгдэх борлуулалт олон арван тэрбумаар өсөж, бизнесийн гэрээ хэлцэл ч том тоогоор үнэлэгддэг болсон байна. Тэр хэрээр наашаа зүглэх түмэн газрын хүсэлт зохион байгуулагчдыг жилийн жилд шахамдуулдаг аж.

Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл болон мэдээллийн технологи, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээ гээд зургаан үндсэн хэсгээс "Шанхайн экспо" бүрддэг. Инновацын тусгай хэсэг, олон улсын үзэсгэлэнгийн дүр төрхийн хэсэг зэрэг нийт 15 тусдаа нүсэр том байгууламж дотор экспо болж байна. Зарим газар нь хүний түгжрэл үүсэж байна. 

Ганцхан дүн хэлэхэд л, тус экспог 2018-2023 оны хооронд 6 удаа зохион байгуулахад нийт 420 гаруй тэрбум ам.долларын борлуулалт хийгджээ. Манай улсын гадаад валютын албан нөөц 10 сарын байдлаар 4.7 тэрбум ам.доллар. Энэ дүнгээс даруй 90 дахин бодит худалдан авалт зөвхөн "Шанхайн экспо"-гоор дамжин хийгдсэн байна.

Дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн нар экспоны үеэр Шанхайд үдэлж, албан томилолт нь ажил хэрэгч уулзалтаар завсаргүй үргэлжилдэг юм байна. Хятадын импортын олон улсын экспо /Шанхайн экспо/ нь зөвхөн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, зарж борлуулах асуудлаар хязгаарлагдахгүй. Зөвхөн үүгээр хэмжихэд ч өрөөсгөл байх нь.

Улс төр, эдийн засгийн өрнүүн харилцааг улс орнууд хоорондоо үүсгэх, түншлэлээ бататгах, бэхжүүлэх, нэгдсэн ойлголцолд талууд хүрэх, хэлцэл хийх, гэрээ байгуулах, үзэглэх зэрэг томоохон үйл явдлын гэрч нь "Шанхайн экспо" болдог юм байна. Хятадын хөгжлийн загвар нь Шанхай. Хөрөнгө, санхүү, бизнесийн яриа хэлцэл энд л голчлон төвлөрч, эх газрын улс төр, эдийн засагт нөлөө бүхий байр суурь эзэлж байна. 

May be an image of 12 people and text

Улс хоорондын дипломат харилцаанд "Шанхайн экспо" нь ажил хэрэгч гүүр болоод зогсохгүй төр, засгийн тэргүүн нар хоорондоо уулзах "зөөлөн дэд бүтэц", асуудлаа хамтдаа ярилцах өргөн агуулга бүхий нээлттэй платформ болон хөгжиж байна. Тийм учраас тив, улс алгасан дэлхийн хөгжиж буй орны удирдагчид, сайд дарга нар зорьж ирдэг бичигдээгүй жишиг энд нэгэнт тогтжээ. Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцлоо. Өмнөх зургаан удаагийн экспод салбар хариуцсан сайдын хэмжээнд л байр сууриа илэрхийлдэг байж, манайх.

Харин энэ удаа хамтарсан Засгийн газрын тэргүүний албан томилолтын баг улс дотроо ч, улсын гадна ч цахим орчинд их яригдлаа. Учир нь, засаг байгуулцсан парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүний хамтаар нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн олон төлөөлөлтэй Шанхайд тусгай үүргийн нислэгээр буусан нь хүний, өөрийн улсад содон чиг, соньхон чиг байсан хэрэг. Ингэж ирсэн хэргийн үр дүн ч гарч, "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ыг эхлүүлэх ажил шуударлаа. Удаах нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих ажил эрчимжлээ. 

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь 90 МегаВаттын "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц". Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангах том төсөл бүрэн утгаараа ийнхүү хөдөлж байна. Жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийг хэрэгжүүлэх 253 сая ам.долларын санхүүжилтийг Шанхайд шийдчихлээ. Зээлийн шугам нээгдлээ гэсэн үг.

"Шанхайн экспо"-ны эхний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааны найман баримт бичигт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон юм. Үүний эхнийх нь "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр байсан нь санаандгүй хэрэг огтоос биш юм. Эрчим хүчний салбараа өөд нь татахад "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" онцгой үүрэг гүйцэтгэх учиртай. Тийм ч хүлээлттэй төсөл. Улс төрийн гацаанд ороод байсан "Эрдэнбүрэн"-гийн төсөл хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн түүчээ нь болж байна. 1964 оноос эхэлсэн уг төсөл хөдөлсөн нь хөрөнгө оруулагчдад, улсын зээлжих зэрэглэлд ч сайны дохио. 

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэх юм. 

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг барих нөхцөл бүрдлээ

Албан томилолтоор шийдсэн хоёр дахь  чухал хэлэлцээр бол хоёр улсын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай  байлаа. Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн орчин бүрдлээ. 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг барих ажил эрчимжлээ. 

Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож буй. Үүнийг хоёр тал ээлж дараалан онцолсон нь хөршийн харилцаагаа илүү шинэ түвшинд гаргах гэсэн эрмэлзэл биз ээ. Монгол Улс Хятадтай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай.

Хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид 20 тэрбумд хүргэхээр талууд зорьж байна. БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг "Шанхай экспо" энэ жил “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болсон юм. Уриа нь Хятад ганцаараа бус хамт хөгжих, хамтдаа урагшлах, хамтдаа ирээдүйг бүтээх агуулга гэж уншигдлаа. 

May be an image of 9 people, dais and text
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын экспоны индрээс үг хэлж, арга хэмжээг бусад улс орны төр, засгийн тэргүүн нарын хамтаар нээсэн юм. Ази, Европын стратегийн уулзварт оршдог Монгол Улс өмнөд хөрш БНХАУ-тай төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлэх, харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийлж, “Монголын За бол Андгай” хэмээх үгээр урд хөршдөө ч, манайхыг сонирхох хөрөнгө оруулагчдад ч тодорхой "мессеж" давхар өгч чадлаа. 

May be an image of text

May be an image of 11 people and text

May be an image of 13 people and text

May be an image of text

May be an image of ‎text that says '‎Industrial and Techno Erdenet ITP Copper opperprocessing processing park Darkhan ITP Steel manufacturing cturing park p We ج ERDENES GROUP MONGOL Khutul ITP Construction Constructionmater material park F Scan the QR for detailed inforr‎'‎

May be an image of text

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.