Сэлэнгэ аймгийн Ерөө сумын III багийн нутагт байрлах “Их өлөнт”-ийн амны бичил уурхайн олборлолтод өртөж эвдэрсэн 6 га газарт байгаль орчны дүйцүүлэн хамгаалах техникийн нөхөн сэргээлтийг "Цемент Шохой" ТӨХК хийж гүйцэтгэжээ.
Нөхөн сэргээлт хийсэн талбай нь “Алт-1” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 1990-ээд оноос үүсэлтэй эвдрэл ихтэй газар байсан бөгөөд тэнд овоолго нэлэнхүй тархсан, овоолго хооронд жижиг нуурууд үүсэж, мод ихээр өртсөн. Иймд үүссэн овоолгын гадаргууг тэгшлэх, суваг шуудуу болон далд уурхайн ашиглалтын үед цөмөрсөн газрыг булах, тэгшлэх, нөхөн сэргээсэн газарт хөдөө аж ахуйн болон бусад төрлийн тээврийн хэрэгслэл, техник нэвтэрч болохуйц зам тавьж, газрын гадаргууг үржил шимт болон шимэрхэг хөрсөөр хучиж, өвс, ургамал ургах орчныг бүрдүүлжээ.
Тус эвдрэлтэй талбайн орчимд навчит ой давамгайлсан хус, улиас улиангарын өтгөн шигүү ойн сантай. Тиймээс ухсан газрыг нөхөн сэргээхдээ нягтралын хэмжээг Ерөнхий инженерийн тооцоолсон нягтралтайгаар булж, байгалийн суваг шуудууны ховилыг сэргээн зассан байна. Хур тунадасны тогтоол ус, цөөрөм нь орон нутгийн иргэд, мал сүрэг, ан амьтдын аюулгүй байдалд хүндрэл бэрхшээл учруулахаас сэргийлж, ухалтаас үүссэн нүхийг тэгшилж, экологийн тэнцвэрт байдлыг ханган ажиллажээ.