СУРВАЛЖИЛГА: Хэзээ л бол хэзээ цахилгаан, дулаангүй болох эрсдэл ойрхон байна
СУРВАЛЖИЛГА: Хэзээ л бол хэзээ цахилгаан, дулаангүй болох эрсдэл ойрхон байна
Хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллах ёстой, зогсох эрхгүй станцуудын "эрүүл мэнд"-ийн нөхцөл байдал өнөөдөр хүнд шатанд ирсэн байна. 40, 50 жил ажилласан станцуудын үндсэн тоноглолын насжилт 10-30 жилээр хэтэрч, сөхөрч унах дээрээ тулжээ.
Гэр, ажил, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, үйлчилгээний газрууд, спорт зал, урлаг соёлын театр, эмнэлэг, цэрэг цагдаагийн байгууллага, амралтын газар гээд хүн ажиллаж, амьдрах бүхий л орчинд гэрэл цахилгаан түгээж, дулаан хүргэж буй станцууд аврал эрж байна. Ийм станцын нэг нь Дулааны III цахилгаан станц байлаа.
Анхны суурь нь 1966 онд тавигдсан ДЦС-3 өнөөдөр төвийн эрчим хүчний системийн цахилгааны хэрэглээний 14 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 47 орчим хувийг дангаар ханган ажилладаг юм байна. Өнөөдрийн байдлаар /2024.10.29/ 9 зуух, 7 турбин ажиллаж, цагт 141 MBт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна.
No photo description available.
Зогсох эрхгүй станцууд нийтлэг хүндрэлд гүн оржээ. Өр төлбөрийн дарамт нь хуримтлагдан овоорч, "чөтгөрийн тойрог" гэгчийг нүүрсний уурхай, төмөр замтай үүсгэжээ. Өртөг нөхөхгүй цахилгаан, дулааны үйлдвэрлэл олон жилийн турш үргэлжилж, зах зээлийн эдийн засагт зах зээлийн бус аргаар ажиллаж ирсэн нь өнөөдрийн хур алдагдлын эхлэл болсон байна.
Үйлдвэрлэсэн өртгөөсөө бага үнээр цахилгаан, дулаан хүчээр нийлүүлж, төрөөс үнийг хүчээр тогтоон барьсан нь олон жилийн дараа асуудлыг бүр ч хүндрүүлж орхисон байна.
 
Манай сайтын сурвалжлах багийн танилцсан Дулааны III цахилгаан станц гэхэд л нэг, хоёр, тавдугаар зуух болон 1-8 дугаар турбин генераторууд 40-55 жил ажиллаж, хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн, оргил ачааллын үед аваарын дохио асаах хэмжээнд ортлоо үндсэн тоноглол, дагалдах хэрэгслүүд нь доройтсон байна. Турбин генераторуудын дийлэнх нь 220 мянган цагаас дээш ажилласан, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг өндөр ачааллаар даахааргүй болсон байна. Баталгаагүй гэсэн үг.
May be an image of drill press, foundry and text
Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн тулгуур дулааны цахилгаан станцын байдал айдас, түгшүүр төрүүлэхүйц хүнд нөхцөлтэй, инженерүүдийн ур ухаан, эрдэм чадлаар л энэ хүртэл тэсээд байсан мэт зогсолтгүй ажиллаж, биднийг гар утсаа цэнэглэх, хоолоо хийх, зурагтаа үзэх, гэр дотроо дулаан суух эрчим хүчийг үйлдвэрлэж байна.
 
Бид ДЦС-3 дотроо Дунд даралтын зуухан цехийн аж байдал, инженер техникийн ажилтны ажлын байраар саатаж, орчин нөхцөлийг нь мэдрэх гэж хичээсэн юм. Хүн энд байнга ажилладаг гэхэд дэндүү хүнд нөхцөлтэй, бүр эрүүл мэндээр зогсохгүй түүнээс давсан эрсдэл ч хажууд мэт түгшүүр төрүүлэхээр.
May be an image of foundry and text
Тоног төхөөрөмж нь тэртээх он жил рүү хөтлөх, зарим нь элэгдэл, эвдрэлд идэгдээд актлагдах болсон мэт. Эргэн тойронд Ил гал гаргахыг хориглоно, Тэсэрч дэлбэрэх аюултай, Өндөр хүчдэл аюултай гэсэн тэмдэг тэмдэглэгээ алхам тутам таарах. Энэ бүхэн станц аюултай орчин гэдгийг илтгэх ч ажиллаж буй зуух, турбин генераторууд бүр ч илүү аюултай, баталгаагүй болсон нь эрчим хүчний реформ яагаад чухал, тэр тусмаа эдийн засаг, зах зээлийн ном журмаар цахилгаан, дулааны станцууд ажиллахгүй бол ямар үр дүнд хүрдэг гэдгийг хур алдагдал, насжилт хэтэрсэн, баталгаат хугацаа нь дууссан, ачаалал дийлэхгүй станцууд маань харуулж байна.
 
ДЦС-3 өнөөдөр 97.5 мянган тонн нүүрс буюу 14 хоногийн, мазут 1016 тонны нөөцтэй байна. Оны эхний 9 сарын байдлаар Багануурын уурхайгаас 1.1 сая тонн нүүрс авч хэрэглэсэн байна.
Сүүлийн жилүүдэд тарифын шинэчлэл хийгдээгүйгээс алдагдал өссөөр энэ онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр /2024 онд/ 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна.
 
Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд станцын тоноглолуудын ажиллах цаг жил ирэх тусам нэмэгдэж, энэ хэмжээгээр тоноглолд гарах элэгдэл, гэмтлийн тоо нэмэгдэж байна. Гэмтэл, элэгдлийн тоо нэмэгдэх тусам хугацаанаасаа өмнө засвар хийх, солигдож шинэчлэгдэх эд анги, тоног төхөөрөмжийн тоо ихсэж байгааг "ДЦС-3" ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж хэлсэн юм.
Тус станцын хувьд өнгөрсөн өвлийн ид ачаалалын үеэр үндсэн тоноглолуудаа 120 хоног тасралтгүй ажиллуулсан байна. Уг нь зуух 60 хоног, турбин 45 хоног болоод урсгал засвар хийх ёстой байдаг ч энэ засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцсон байна... Хэрэв ингэж ажиллах явцад хүндрэл гарч, эрсдэл үүсвэл Улаанбаатар хотын төвд дулааны 31 хувь, уурын 47 хувь авч буй хэрэглэгчид бүгд цахилгаан, дулаангүй болно гэсэн үг. Тиймээс л үнэ тарифын үе шаттай буюу өртөгт нийцүүлж нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах ажил руу төр, хувийн хэвшил ярих бус гүнзгий орох шаардлага цаг хугацаа тулган байгааг салбарынхан учирлах аж.
Төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлаас болж "ДЦС-3" гэхэд л уур үйлдвэрлэдэг зуухаа бүтэн бус хэсэгчилсэн байдлаар засвар хийж байна. Өвөл хаяанд ирсэн энэ өдрүүдэд дулаан, цахилгаан үйлдвэрлэх гол станцын "эрүүл мэнд" ийм л байна.
 
May be an image of 1 person, newsroom and text
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Б.Түвшинчулуун: Эрчим хүчний үнийг бодит өртөг хүргэхгүй бол алдагдал улам нэмэгдэж, систем цаашид хэвийн, тогтвортой ажиллах боломжгүй болж байна. 280 төгрөгийн өртөгтэй үйлдвэрлэж, дунджаар 216 төгрөгөөр зарж, зөрүү нь алдагдал болж, нийт алдагдал өнөө 355 тэрбум төгрөгт хүрсэн байна. Эрчим хүчний салбарын хэвийн найдвартай ажиллагаагаа хангах боломжгүй болж байна. Энэ дотор эрчим хүчээр зогсохгүй нүүрс нийлүүлэх уурхайнууд, төмөр замын тээвэр бүгд дор бүрнээ алдагдал хүлээж байгаа. Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, зөрүү нь алдагдал болж байна.
 
May be an image of 2 people, newsroom and text
"Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Түвшинжаргал: Нүүрсний үнийг бодит өртөгт нь хүргэх шаардлагатай байна. Нэг тонн нүүрсийг манайх 57 мянган төгрөгөөр олборлож, 43 мянган төгрөгөөр буюу өртгөөсөө бага үнээр зарж, алдагдал үүсэж байна. Цахилгаан станциудаас манайх 10 гаруй тэрбум төгрөгийн авлагатай. Манайд өргүй станц гэж байхгүй. Нүүрсний үнийг бодит өртөгт хүргэнэ гэдэг эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай байдлыг хангана гэсэн үг.
 
No photo description available.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.