Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг өнөөдөр (2024.10.22) хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Австралийн Парламентын Сенатын Танхимын Ерөнхийлөгч С.Лаянсын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг цохон тэмдэглэв.
Цаашид хоёр талын харилцааны түвшинг шат ахиулж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, бодлогыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа тэрбээр илэрхийлэв.
Элчин сайд К.Смит Австрали Улс нь сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүчний туршлага, технологийг экспортлох замаар бүс нутгийн эрчим хүчний шилжилтийг дэмжин ажиллаж байгааг мэдээлэв. Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид удахгүй Сидней хотноо болох Олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар тусгай арга хэмжээ зохион байгуулах гэж байгааг сайшааж, энэхүү арга хэмжээнд өөрийн биеэр оролцож, Монгол Улсыг сурталчлан таниулах, цаашлаад хоёр талын эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.
Түүнчлэн, иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаатай холбогдуулан хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулахаар ажиллаж байгаа нь цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бүрэлдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.