Эрдэнэт үйлдвэр: Хангалын голын эрэг дагуу 6100 ширхэг мод суулгаж, усалгаа арчилгаа хийлээ
2024.10.08
78
Эрдэнэт үйлдвэр: Хангалын голын эрэг дагуу 6100 ширхэг мод суулгаж, усалгаа арчилгаа хийлээ
Бүх нийтийн мод тарих өдөр буюу энэ намрын мод тариалалт өнгөрсөн бямба гарагт эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн намрын мод тариалалтыг үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ногоон хөгжлийн төслийн нэгж хамтран зохион байгуулав. Эл өдөр уурхайчид Хангалын голын эрэг дагуух татмын ойг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор нэмж 6100 ширхэг мод суулгаж, усалгаа арчилгаа хийжээ.
 
Энэхүү ойжуулалтын хүрээнд Хангалын гол дагуух 56.3 га талбайд бургасны мөчир үржүүлэн, үржүүлсэн тарьцын нөөцөөрөө нөхөн сэргээжээ. Энэ жилийн намрын тариалалтад үйлдвэрийн 35 бүтцийн нэгжийн 875 ажилтан оролцож, хоёр төрлийн 6125 ширхэг мод тарьсан байна.
 
Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод, Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод, Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод, хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тус тус тарьж, арчлан ургуулахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.