Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хурал боллоо
2024.03.12
77
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хурал боллоо

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хурал өнөөдөр /2024.03.12/ Төрийн ордонд болов. Кибер аюулгүй байдлын зөвлөл нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэгтэй байгуулагдсан.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар Цахим хөгжил харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажилладаг. Энэ удаагийн хурлыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Зөвлөлийн дэд дарга удирдан явуулж, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, зөвлөлийн Ажлын албанаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.

kiber_10  

Кибер аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн хугацаанд Кибер халдлага зөрчилтэй тэмцэх үндэсний төв, нийтийн төв, зэвсэгт хүчний төвүүдийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төвүүдийн ажиллах журам, тавигдах шаардлагыг Засгийн газраар батлуулан төвүүдийн үйл ажиллагааг бэхжүүлж, кибер халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх, хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллагууд ажиллаж эхэлсэн.

Цаашид Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө болон төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах журмыг боловсруулж кибер халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Үүний хүрээнд кибер халдлага зөрчлийн мэдээллийг шуурхай солилцож хариу арга хэмжээ авах зорилгоор “Интернэт үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай мэдээлэл солилцох протокол”-д нэгдэх уулзалтыг зохион байгуулж, одоогоор 12 интернэт үйлчилгээ эрхлэгч байгууллага дэмжин протоколд нэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд кибер аюулгүй байдлын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхжуулах зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны яам, Жайкатай хамтран төрийн байгууллагын 624, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын 211 албан хаагч, Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, төрийн болон олон нийтийн байгууллагын 100 гаруй албан хаагчийг сургалтанд хамруулсан байна. Мөн кибер аюулгүй байдлын сургагч багш бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж 50 гаруй сургагч багшийг бэлтгээд байна. Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг шалгах ITACTIC команд штабын сургуулилт, Кибер тусгаар тогтнол форумыг зохион байгуулж кибер аюулгүй байдлаа хамтран хамгаалах уриалга гаргав.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.