Монголын мэдээллийн технологийн 11 дэх удаагийн ММТ2024 эрдэм шинжилгээний хурал "Кибер аюулгүй байдал" сэдвээр 2024 оны тавдугаар сарын 23-нд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Монголын мэдээлэл технологийн консерциум, МУИС, СЭЗИС өргөн хүрээнд хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар ШУТИС ажиллаж байна.
ММТ-2024 эрдэм шинжилгээний хурлын зорилго нь мэдээллийн технологи, харилцаа холбоо, компьютерын ухаан, мультимедиа технологи, электроник, кибер аюулгүй байдлын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэх, санал бодлоо солилцох, мэдээлэл түгээх, туршлагаа хуваалцаж Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулахад оршино.
Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаар хүмүүс төмөр зам, уурын машин, хоёр дахь аж үйлдвэрийн хувьсгалаар цахилгаан, үйлдвэрийн дамжлагын ачаар масс үйлдвэрлэл, гурав дахь аж үйлдвэрийн хувьсгалаар бий болсон тоон технологийн хөгжил, дэвшил нь өнөөгийн бидний амьдарч буй нийгмийг цогцлоосон билээ. Тэгвэл аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эхэлснийг батлах олон технологи, ололтууд бидний амьдралд аль хэдийн хүч түрэн орж иржээ. Энэхүү хувьсгалын хөтлөгч цөм технологийн нэг болох хиймэл оюуны салбар нь хувь хүн, нийгэм, улс төр болон бизнесийн салбарт хүчтэй нөлөөлж олон ажлын байрт хүнийг орлох хандлагатай байна. Мэдээллийн технологи салбарын эрчимтэй хөгжил, технологийн хувьсгалын үед ээлжит Монголын Мэдээллийн Технологи-2024 хурал “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.
Энэ удаагийн хурлаар “Хиймэл оюун ухаан”, “Кибер аюулгүй байдал”, “Холбоо, сүлжээ”, “Электрон систем, дохио боловсруулалт”, “Тооцоолол, Мэдээллийн технологийн хэрэглээ” салбар хуралдаанаар эрдэм шинжилгээний өгүүллүүд хэлэлцүүлэхээс гадна “Дижитал конвержинс” сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж байгаа нь шинэлэг юм.