Г.Дамдинням: Нийслэлд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар шатахуун олгож эхэлнэ
13 Цагийн өмнө
80
Г.Дамдинням: Нийслэлд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар шатахуун олгож эхэлнэ

Шатахуунтай холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр мэдээлэл /2026.08.03/ өглөө. Түүний өгсөн мэдээллийг тоймлон хүргэж байна. 

-Өнөө шөнийн 00 цаг дуусаад Улаанбаатарт дугаарын тэгш, сондгойг харгалзан шатахуун олгоно. Нэг машины цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана. Нөөцийг зөв хуваарилах хүрээнд энэ сарын 15 хүртэл дээрх зохицуулалт үргэлжилнэ. БНСУ, ОХУ, дэлхийн орнууд ийм зохицуулалттай байна.

-Үе үеийн Засгийн газар 3-6 сарын хэрэглээний нөөцөө хангах мөрийн хөтөлбөр гаргадаг ч хэрэгжүүлээгүй 30 жил явсан. Манай Засгийн газар тусгайлсан шатахууны хууль баталж, хууль эрх зүйн зохицуулалттай болгосны үр дүнд 6-р сард 22ш шатахуун нөөцлөх сав, агуулах барих ажил эхлүүлсэн. 2026 он гэхэд 15 хоног илүү нөөцлөх савтай болно. 2027 он гэхэд нэмж 1 сар нөөцлөх савтай болно. 2028 он гэхэд нэмж 3 сар нөөцлөх савтай болно. Үр дүнд нь дор хаяж 6 сар нөөцөлдөг болно. Гадаад хүчин зүйлээс хамаарсан ямар ч үед шатахуун, түлшний нийлүүлэлт тасрахгүй.

-БНСУ-аас 20.000 тонн түлш, 20.000 тонн шатахуун, 6.000 тонн онгоцны түлш оруулж ирэх тохиролцоонд хүрсэн. Хувийн хэвшлүүд үргэлжлүүлж гэрээгээ байгуулаад явж байна.

-Манай улс шатахуунаа нэг сар нөөцлөх хүчин чадалтай. Гэтэл жилд хэрэглээ 14 хувиар өсөж байна. Хэрэглээ дагасан нөөцлөх сав, агуулах 22ш барих ажлыг манай Засгийн газар эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг засаад явж байна.

-Салбарын сайд болсноос хойш Газрын тосны үйлдвэрийн ажлын явц 20% байсныг 50%-д хүргэсэн. Хууль эрх зүйн орчныг нь шинэчилсэн. 3 ээлж, 24 цагаар бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байна. 2028 онд дуусна.
 
-Газрын тосны нөөцийг өсгөх хүрээнд 16 хайгуулын талбайг олон улсад нээлттэй зарлаад байна.
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.