Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ
10 Цагийн өмнө
158
Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

"ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг  хурдасгах нь зүйтэй гэж үзэн "ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгыг эхлүүлсэн. "ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Нотариатын зарим үйлчилгээг авахын тулд иргэн биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэх, олон төрлийн лавлагаа, тодорхойлолт гаргуулах, цаг хугацаа, зардал шаардсан хэвээр байна.

Иймд хуулийн төслөөр нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийн эрх зүйн үндсийг бий болгож, иргэн тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг нотариатчийн ажлын байранд биечлэн очихгүйгээр зайн гэрчлэлтээр авах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.   

“Хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ. Иргэн нотариатын үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэллээ. 

Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ

“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт”-ыг баталж, тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нарт даалгав. 

УИХ 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжих эрх зүйн орчин бий болсон. Засгийн газрын тогтоолын дагуу 2026 оны нэгдүгээр сараас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд e-business системээр ирсэн нийт 100 гаруй хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэн ажиллаж байна.

Бүртгүүлсэн хуулийн этгээдэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4-т “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлөхөөр”, 22.6-д “хөнгөлөлтөд хамаарах мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батлахаар” тус тус заажээ. 

Казакстан, Узбекстан, Арабын Нэгдсэн Эмират Улс мэдээллийн технологийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, гаалийн болон үл хөдлөх хөрөнгийн татвараас тус тус хөнгөлдөг. Үүний дүнд Казакстан улсын мэдээллийн технологийн салбарын нийт экспорт 2025 онд 1.1 тэрбум ам.доллар, үүнээс 633 сая ам.долларын экспортыг Астана хаб дангаар хийсэн бөгөөд 2026 онд уг орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах бэлтгэлийг хангаж ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосны дагуу төрийн цахим мэдээллийн нэгдсэн санг зөвхөн өгөгдөл цуглуулах, хадгалах зориулалтаар бус, харин эдийн засаг, инновац, эрдэм шинжилгээ, төрийн үйлчилгээ болон хувийн хэвшлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд аюулгүй, чанартай, үр ашигтайгаар ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.