Зургийн тайлбар: Дорноговь аймгийн Айраг сум, Баруун Цагаан дэлийн овоо. Хүүхдийн зургийг эцэг эхийн зөвшөөрөлтэй нийтлэв.
“Марвел”-ийн супер баатруудын зурагтай футболка өмссөн зургаан настай хүү овоондоо залбирахаар иржээ. “Марвел” цувралын баатрууд дэлгэцийн цаана дэлхийг аврахаар тэмцдэг бол балчир хүү ч мэдээ орсон цагаасаа төрсөн нутаг, тахиж шүтдэг овоо, Цагаан дэлийн агуйг хамгаалах тэмцэлд “нэгдсэн”.
Саяхныг хүртэл Баруун Цагаан дэлд 20 гаруй айл нутагладаг байв. Харин өнөөдөр уул уурхайн “бүслэлт” дунд үлдсэн ганц айл нь хүүгийн аав Л.Баттулгынх.
Цагаан дэл бол Монголын төдийгүй Азийн хамгийн гүн агуйн нэг гэж судлаачид үздэг. Энэ агуй өнөөдөр сүйрлийн ирмэгт иржээ.
Агуйн эргэн тойронд хайлуур жоншны орд бий. Баруун Цагаан дэлийн жоншны бүлэг орд гэж бүртгэгдэж байсан энэ газрыг сүүлийн хэдхэн жилд жижиглэн хувааж, Хятадын голдуу хөрөнгө оруулалттай найман уурхай ашиглаж байна. Газрын зураг дээр харвал нийтдээ 28 км/кв талбайд есөн лиценз байгаа бөгөөд яг л шатрын хөлөг шиг агуйг “бүслэжээ”. Л.Баттулгынх ч мөн агуйтай зэрэгцэн хашигдсан. Эднийх эндээс нүүвэл нутагаа, үлдвэл амиа алдахад ойрхон байна.
Агуйг хамгаалж үлдсэн ганц айл
Л.Баттулгын эхнэр Б.Амгаланбаяр энэ нутагт төрсөн. Түүний аав 1993 онд морин тэргээр чулуу зөөж, өвөлжөөнийхөө хашаа хороог босгож байжээ. Гурван ч гар худаг гаргачихсан их ажилтай эр байсан гэдэг. “Манайх гурван үеэрээ энэ нутагт амьдарч байна. Би хүүхэд байхдаа Цагаан дэлийн агуй руу гүйгээд л орчихдог байсан. Дотор нь мөс унждаг. Тув тунгалаг нууртай. Нуурын ус ходоодонд сайн гээд л ээж маань авчирч уулгадаг байсан” гэж тэр ярив.
Тэр үед энд уурхай байгаагүй.
Зуны дэлгэр цагт хүүхдүүд зэлний унага уралдуулна. Ямаагаа холбож саана. Ааруул, ээзгий хийнэ. Агуйдаа мах, сүүгээ оруулаад тавьчихна. Өнөөдөр тэр бүхэн дурсамж болжээ.
Уурхайн шороо, тэсэлгээ, ачааны машинуудын дунд хүүхдээ малд явуулахаас ч айдаг болсон байна. 2022 оны зун 13 настай хүү нь уурхайн ухаад орхисон нүхний тогтоол усанд ойчсон ишигээ татаж гаргаад, шавартай чигээрээ гэртээ иржээ. “Тэр мөчөөс хойш миний даралт ихэссэн. Хүүхдээ алдах шахсан юм байна гэж бодсон” хэмээн Б.Амгаланбаяр ярилаа.
Тэр нүх өнөөдөр ч бий. Хэдэн арваараа бий. Зарим нь 30-40 метрийн гүнтэй. Бас ямар ч тэмдэглэгээгүй. Намар нь өвс хийсэж очоод халхлана. Өвөл нь цасанд дарагдана. Хүн ч, мал ч унаж үхэх эрсдэлтэй.
2025 оны тавдугаар сарын 27. Дөнгөж малаа ялгаж аваад, Л.Баттулга саахалт хөгшний хэдэн малыг тууж, Б.Амгаланбаяр өөрийнхөө хэдийг хашиж байтал гэнэт газар доргиж, хүчтэй дэлбэрэлт сонсогдов. Юу юугүй л чулуун хороо нурж, малын саравчиндаа дарагдчихав. Бөөн тоос, бөөн шуугиан.
“Гэтэл компани тэсэлгээ хийгээгүй гэж гүрийсэн. Сумын удирдлагад гомдол гаргаж, ажлын хэсгийнхэн ирж шалгахад хороо нурсан хугацаа, тэсэлгээ хийсэн үетэй цаг минутаараа таарсан” хэмээн Б.Амгаланбаяр ярилаа.
Бидний сурвалжлах баг очиход Л.Баттулгын өвөлжөөнөөс ердөө 20-иодхон алхмын зайд уурхайн кемп байрлаж, 200 метрийн цаана ил уурхайн олборлолт явагдаж байлаа. Өвөлжөө нь нурсан, хаваржаа нь хаашаа ч гарах аргагүй хашигдсан байв.
Ойр хавьдаа өөр бууц гаргах гэхээр дахиад уурхайн талбайтай давхцалтай. “Бид нүүгээд нүүгээд хаа хүртэл нүүх юм бэ?” гэж Л.Баттулга асууна. Түүний асуултад өнөөдөр төрөөс ч, компаниудаас ч хариулт алга.
Зургийн тайлбар: Л.Баттулгын өвөлжөөний цаана “Дугуй-Уул” компанийн ажилчдын гэр байрлажээ.
Айраг сумын ИТХ-ын төлөөлөгч М.Бямбаахүү саяхан Л.Баттулгынд саатжээ. “Тэнд байнга амьдардаг хүмүүс яаж тэсдэг юм бол гэж бодсон. Би түр очсон мөртлөө зугтмаар санагдсан” гэж ярив. Гурван даага услахын тулд уурхайн шороон далан давж, канистраар ус зөөж өнжсөнөө тэрбээр ярив.
Өмнө нь ундны ус ойрхон байсан. Одоо 25 километрээс зөөдөг болжээ. Малын жим нь хаагдаж, бэлчээр нь хумигдсан. Уурхайн тээврээс үүдсэн тоосжилт ноолуурын үнэд хүртэл нөлөөлдөг болсон аж. “Ченжүүд манай ноолуурыг хараад л үнэ буулгана. Тоосонд даруулсан гэдгийг мэддэг” гэж тэд ярив.
Хэдхэн жилийн өмнө 900 гаруй толгой малтай байсан өрх өнөөдөр сүргээ тогтоон барихын тулд өөр айлд өвөлжүүлж, төлбөрт нь төлийг нь өгчээ. Мал нь уурхайн нүхэнд унаж үхдэг, зарим нь “алга болдог”, бас нэг хэсэг нь хүнд металлын хордлогод орж хорогддог аж. Шинжилгээнд явуулсан дээжээс “хүнд металлын хор” илэрсэн тухай баримтыг тэд үзүүлэв.
Ганцаардуулах тактик
Байгалиа хамгаалах тэмцэл ихэвчлэн байгаль орчны тухай мэт харагддаг ч үнэндээ энэ бол бодит хүний түүх юм.
Танилын нүүр халуун гэгчээр уурхайд ажилладаг танилууд нь, зүс мэдэх нөхдүүд ч эднийд далим үсэргэж архи барьж ирдэг. Уухгүй гэхээр уурладаг. Шалтаг гарвал гэр бүлийг нь доромжилдог. Машинаар хөөдөг. Мотоциклтой нь шахдаг. Гэр рүү нь шөнө дөлөөр машины гэрэл тусгаж, үүр цүүрээр чулуу нүүлгэж, чанга дохиолол асаадаг аж. Биднийг очихын өмнөх өдөр гэрийнх нь хаалгыг цөм өшиглөсөн байлаа. Ийн амьжиргааг нь үгүй хийж, аюул занал учруулаад зогсохгүй нэр төр, эрхэм чанарт нь эрээ цээргүй халлдаг аж. Б.Амгаланбаяр “Эм Си Ти Ти ХХК-ийн орон нутаг хариуцсан ажилтан О биднийг 2 өрөө байр нэхсэн гэж хүмүүсийн өмнө гүтгэсэн. Биднийг мөнгө авахын тулд ингээд байна гэж боддог” хэмээв. Тун саяхан болсон багийн нийтийн хурал дээр “Дугуй-Уул” ХХК-ийн ажилтан мөн тэдний нэр хүндэд ноцтой халджээ.
“Global Witness” байгууллагын 2024 оны тайланд дурдсанаар 2023 онд дэлхий даяар газар нутаг, байгаль орчноо хамгаалсан 146 хүн алагдсан байна. 2012 оноос хойш ийн байгалиа хамгаалдаг тэмцэгчдийн 2253 нь амь үрэгдсэн гэж бүртгэгджээ. Уг судалгаанд олборлох үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхай нь хүчирхийлэлтэй хамгийн их холбогддог салбаруудын нэг гэж дурдсан байдаг. Байгаль хамгаалагчдыг заавал буудаж хөнөөдөггүй. Харин нэр төрийг нь гутаах, ганцаардуулах, сүрдүүлэх, худал мэдээлэл тараах нь ч мөн адил “чимээгүй болгох” арга гэж тайланд онцолжээ.
Л.Баттулгын гэр бүлийн туулж буй зүйлс энэ дүр зурагтай аймшигтай төстэй. “Усанд явахдаа ч бөөндөө явдаг. Нэгнээ ганцааранг нь малдаа явуулж чаддаггүй, гэртээ ганцаараа үлдэж чаддаггүй. Хэн орж ирээд яах бол, хээр явахдаа хэний гарт үрэгдчих бол гэхээс сэтгэл түгшээд тайван байж чаддаггүй” гэж ярихдаа Б.Амгаланбаярын хоолой зангирна.
Тэд энэ талаараа сум орон нутгийнхаа удирдлагад мэдээлэхээс эхлээд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ч гомдол гаргасан. Хүний эрхийн үндэсний комисс газар дээр нь ажиллаж, үнэлгээ хийж, Л.Баттулгын гэр бүлийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгааг тогтоожээ. ХЭҮК-оос ямар зөвлөмж өгч байгааг асуухад Л.Баттулга “Аль болох хурдан холох хэрэгтэй гэсэн” гэв. ХЭҮК онигоо шүү.
ХЭҮК ийн ажиллахдаа Цагаан дэлийн агуйн ойролцоо үйл ажиллагаа явуулж буй компаниудын байгаль орчны үнэлгээ, менежментийн төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны хэрэгжилтэд олон ноцтой зөрчил байгааг дурдаж, харъяа яамд руу шаардлага хүргүүлжээ. Өвөлжөө, хаваржаа нурсан, уурхайн нүхнүүд хамгаалалтгүй, тоосжилт өндөр, гүний ус ил задгай асгарч байгаа зэрэг нөхцөл байдлыг баримтжуулсан байна.
Айраг сумын Засаг дарга С.Ганбаатарын ярианаас нэг айлын биш, бүхэл бүтэн тогтолцооны эмгэнэл сонсогдоно. Тэрбээр зөрчлийг харж байна. Иргэдийнхээ эрх зөрчигдөж байгааг мэдэж байна. Гэвч уурхайн лицензийг цуцлах эрх түүнд байхгүй. Нүүлгэн шилжүүлэлтийг шаардах боломж ч байхгүй. Түүний хийж чадах зүйл нь албан бичиг илгээх. Харин тэр бичгийн хариуг хүлээж байх зуур Л.Баттулгын гэр бүл өнөөдөр ч амь насаа алдах эрсдэлтэй нүүр тулсаар, Цагаан дэлийн агуйн эргэн тойронд олборлолт үргэлжилсээр байна.
Орон нутгийн удирдлагууд, ХЭҮК гээд ер нь Монголын төрийн санал тодорхой: “Амь нас, аюулгүй байдал, үр хүүхдээ бодоод нүүчих” гэж.
Гэвч малчин хүний хувьд нүүх гэдэг нь байшингаа солих төдий биш юм. Нүүнэ гэдэг нь нутагаа сэлгэхийг, бэлчээрээ солихыг, үе дамжсан заншлаа “гээх”-ийг хэлж байгаа юм. Яг ийм шалтгаанаар эднийх эндээс зүгээр л нүүчихэж чадахгүй өдийг хүрсэн. Адуу нь хүртэл 100 километрийн алсаас буцаж ирээд хөрвөөдөг аж.
Нүүлээ гэхэд шинэ газартаа өөрсдөөсөө гадна мал хуй нь дасах хүртэл хэвийн амьдралдаа орох аргагүй билээ. Тээр нэгэн жил Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Тавантолгойн уурхайн нөлөөллийн бүсийн таван айлыг нүүлгэн шилжүүлэхэд ирэх хавар нь төл авч чадаагүй түүх бий. “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан шинэ бууцанд мал дасах, бэлчээрийн даац тогтох хүртэл дор хаяж таван жил шаардлагатайг онцлов.
Нүүлгэн шилжүүлэх тухай ярьдаг. Харин хүнийг яаж амьдралд нь буцаан хүргэх талаар тогтолцоо байдаггүй. Яагаад гэвэл Монгол Улсад нийгмийн нөлөөлөл, алдагдсан боломж, сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал өнөө хэр алга.
Цагаан дэлийн агуйгаас холгүйхэн нэгэн овоо бий. Говийн хүмүүс өглөө бүр цайныхаа дээжийг өргөдөг. Замд гарахын өмнө мөргөдөг. Мал сүрэг нь өсөж үржихэд талархдаг. Зовлон тохиолдоход очиж учирладаг.
Амгаланбаярын хувьд ч тэр овоо бол ээж нь сүүгээ өргөдөг байсан, өдгөө өөрөө ч хүүхдүүдээ дагуулж мөргөдөг газар нь. Тэрбээр "Хамрын хийдэд хүмүүс очоод тайвширдаг шиг бид энэ овоондоо ирээд сэтгэлээ засдаг. Эрүүл мэнд, амьдрал ахуй, үр хүүхдээ даатгадаг" гэж ярьсан юм.
Дорноговийн иргэний нийгмийн төлөөлөгч Л.Лхагва гуай "Энэ нутгийн хүмүүсийн хувьд овоо гэдэг нь аялал жуулчлалын үзмэр биш. Өглөө бүр цай сүүнийхээ дээжийг өргөдөг газар. Болохгүй бүтэхгүй үедээ очиж мөргөдөг, болж бүтэж байгаадаа талархдаг газар нь” гэж тайлбарлав.
Монголын нууц товчоонд Чингис хаан Бурхан Халдун ууланд мөргөж ам тангараг өргөхдөө:
“Манагар бүр малайласугай
Өдөр бүр өчсүгэй
Ургийн ураг минь ухтугай” хэмээн айлдсан байдаг.
Өөрөөр хэлбэл,
“Өглөө бүр мөргөж, хүндэтгэж байя
Өдөр бүр залбирч, даатгаж байя
Үеийн үед, үр ач нар минь үүнийг ухаарч, мартахгүй дагаж мөрдөгдүгэй” гэсэн утга юм.
Тиймээс овоог хамгаана гэдэг нь байгалиас гадна соёл заншлаа хамгаалж буй юм. Хэрэв овоог тойрсон уулс ухагдаж, агуй сүйдэж, малчид нүүвэл нэгэн тахилгат газар алга болно. Түүнтэй хамт тэдгээр зан үйлүүд алга болно. Дараа нь тэр зан үйлийг мэддэг хүмүүс алга болно. Эцэст нь энэ нутагт үе дамжин хадгалагдсан мэдлэг устах болно. Монголчуудын хувьд уул овоо шүтэх ёс бол шашны зан үйлээс илүү өргөн утгатай. Энэ нь байгальтай байгуулсан нэг ёсны “гэрээ” билээ.
Баттулгын гэр бүлийн түүхийг сонсоод хэний ч толгойд хамгийн түрүүнд "Нөхөн олговрыг нь өгөөд нүүлгэчихэж болдоггүй юм уу?" гэдэг асуулт гарах байх. Гэвч Айрагийн говьд энэ асуултын хариу тийм амар байсангүй.
Монгол Улс уул уурхайгаа хөгжүүлээд 30 жил болжээ. Энэ хугацаанд лиценз олгох журам боловсруулсан. Ашигт малтмалын нөөцөө тооцсон. Экспортын гарцаа байгуулсан. Хөрөнгө оруулагчдаа хамгаалах эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Харин уурхайгаас болж нутаг, амьжиргаа, эрүүл мэндээрээ хохирсон иргэдээ хэрхэн хамгаалах тухай тогтолцоо өнөөдөр ч үгүй байна. Ашигт малтмалын тухай хууль хэдэнтээ шинэчлэгдсэн ч уурхайн нөлөөлөлд өртсөн малчин өрхийн хувь заяа эрх зүйн “инкубаторт” үлджээ.
Зургийн тайлбар: Б.Амгаланбаяр хаваржааны буурин дээрээ. “Экилешиа” ХХК хаваржааг нь тойруулан хашаалах нэрээр нүх ухсаны улмаас малынх нь худаг явдаг зам хаагдаж, уурхайн ил задгай асгасан усыг ууж, хүнд металлын хордлогод орсон гэдэг дүгнэлтийг аймгийн Мал эмнэлгийн газар гаргажээ.
Нурсан хашааны үнэлгээг, алга болсон худгийн үнийг тооцож болно. Харин гурван үеэрээ нутагласан өвөлжөөний үнэ цэнийг яаж хэмжих вэ? Нүүдлийн зам тасарсны хохирлыг хэн тооцох вэ? Тоосжилтоос болж үнэ унасан ноолуурын алдагдсан боломжийг яаж үнэлэх вэ? Өдөр бүр уурхайн тэсэлгээ сонсож амьдрах сэтгэл зүйн дарамтыг ямар мөнгөн дүнгээр илэрхийлэх вэ? Монголын хууль тогтоомж эдгээр асуултад өнөөдөр ч тодорхой хариулт өгч чаддаггүй.
"Гурван үеэрээ амьдарсан өвөлжөө, бүлээн ус гардаг худаг, бэлчээрийн үнэ цэнийг малчин өөрөө л мэднэ. Үүнийг хэмжих аргачлал байхгүй байна" хэмээн Н.Баярсайхан ярилаа.
Иймээс л Л.Баттулгын гэр бүлийн асуудал Монголын төрийн байгууллагуудын хооронд олон жил гацжээ. ХЭҮК газар дээр нь ажилласан. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд очсон. Яамдад шаардлага хүргүүлсэн. Сумын захиргаа компаниудтай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулсан. Гэвч нэг үндсэн асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн.
Тэр нь "Хохирлыг нь яг яаж тооцох вэ?" гэдэг асуудал юм. “Эх орон, хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагва “Уул уурхай, малчин өрх хоёр хэзээ ч зэрэгцэн орших боломжгүй. Харин үүнийг зөөллөж л болно. Тэр нь нөлөөллийн үнэлгээ, нөхөн олговор юм” гэлээ.
Төрийн энэ орон зайг иргэний нийгэм нөхөхөөс өөр аргагүй болжээ. 2015 оноос хойш Л.Баттулгын гэр бүлийг хуулийн мэдлэгээр “цэнэглэж” ирсэн "Хил хязгааргүй алхам" ТББ Монголд дутагдаад буй тэрхүү аргачлалыг олон талын оролцоотой боловсруулжээ.
Үүсээд буй асуудлыг зөвхөн нэг айлын маргаан гэж тэд хараагүй. Харин цаашид уул уурхайн нөлөөлөлд өртсөн бүх малчин өрхөд хэрэг болох жишиг кейс гэж үзсэн байна.
Олон улсын туршлагыг судалж, Оксфордын их сургуулийн антропологийн судлаачидтай зөвлөлдөв. Мөн “Оюу толгой” компанийн мөрддөг нүүлгэн шилжүүлэлтийн бодлого, нөхөн олговрын тогтолцооны стандартыг судалжээ. МАК, “МонЭнКо” зэрэг компанийн хэрэгжүүлсэн нүүлгэн шилжүүлэлтийн туршлагуудыг харьцуулсан байна. Эдийн засагчид, антропологичид, мал аж ахуйн мэргэжилтнүүд, хуульчдаас бүрдсэн бүхэл бүтэн зөвлөх баг ажилласны эцэст Монголын онцлогт тохирсон нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлалыг боловсруулж, Л.Баттулгын гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлжээ.
Үнэлгээнд зөвхөн өмч хөрөнгө бус, малчин өрхийн амьдралын чанарт нөлөөлж буй 10-аад үндсэн үзүүлэлтийг хамруулсан байна.
Өвөлжөө, хаваржааны алдагдал, бэлчээрийн доройтол, худаг усны хүртээмж, малын ашиг шимийн хорогдол, тоосжилтын нөлөө, сэтгэл зүйн дарамт, соёлын өв, зан заншил зэрэг хүчин зүйлсийг тооцсон байна. Л.Баттулгынхыг зөвхөн өнөөдрийн хохирлоор бус, өнгөрсөн хугацаанд алдсан боломж болон ирээдүйд алдах боломжийг хамтад нь үнэлэхийг зорьжээ.
Олон улсын хөгжлийн байгууллагууд үүнийг "livelihood restoration" буюу “амьжиргааг сэргээх нөхөн олговор” гэж нэрлэдэг аж. Том төслийн нөлөөлөлд байдаг хүн зөвхөн газар нутгаа алдаагүй, амьдралын хэв маягаа алдсан байдаг аж. Тиймээс мөнгө өгөөд асуудал шийдэгдэхгүй тул өмнөх амьдралын түвшиндээ эргэж очих хүртэлх бүх зардлыг тооцох ёстой гэсэн зарчим юм.
Энэ үнэлгээ зөвхөн Баттулгын гэр бүлийн төлөө бус ийм нөхцөлд байгаа олон мянган малчин өрхийн төлөө хийгдэж буйг Н.Баярсайхан хэлсэн юм. Тэрбээр "Бид нэг компаниас нөхөн олговор нэхээгүй. Найман компани нийлээд шийдэл гаргах болов уу гэж олон жил хүлээлээ. Гэтэл өнөөдөр хүртэл шийдэл алга. Тиймээс үндэслэлтэй тооцоо гаргаж, ямар хохирол учирсныг бодитоор харуулах шаардлагатай болсон” гэж тайлбарлав.
Ойрын өдрүүдэд УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийг дахин хэлэлцэж байна. Лиценз олголт, татварын хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын орчны талаар маргах байх. Харин Дорноговийн Цагаан дэлийн овоон дээр зогсож байгаа зургаан настай хүүгийн хувьд энэ овоондоо дахиад хэдэн жил мөргөж чадах бол? Цагаан дэлийн агуйгаа хүүхдүүддээ үзүүлж чадах уу? Эсвэл уул уурхай түүний нутгийг, овоог, агуйг, хүүхэд насыг нь хамтад нь авч одох уу. Ашигт малтмалын тухай хууль энэ асуултад хариулах ёстой.
Ийн зүтгэхийн учир бол төрийн хамгаалж чадахгүй байгаа энэ ганц айл бол маргаашийн олон мянган малчин өрхийн хувь заяаны тухай асуудал болж хувирч мэднэ.
Уурхайн дунд үлдсэн ганц айл - Л.Баттулгын гэр бүл үнэн хэрэгтээ Монгол Улсын уул уурхайн бодлогын хамгийн хүнд асуултыг асууж байгаа хүмүүс юм. Хөгжил гэж юу вэ гэдэг асуултад эдийн засгийн тоо баримтаар биш ёс суртахууны үүднээс хариулт нэхэж байна.
Хүнийг төрсөн нутгаас нь дайжуулж, хүүхдийг айдастай өсгөж, өвөг дээдсийн байгуулсан шүтээн, байгалийн өвийг сүйтгэж байгаагийн төлөөсийг ганц айл үүрэх нь хөгжил юм уу?
Үргэлжлэл бий…
СЭТГҮҮЛЧ З.ЦЭЛМЭГ