Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг боллоо
2 Цагийн өмнө
62
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.05.08) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцуулав.

Ерөнхий сайд тулгуур гурван үндэслэлтэй төсвийн хүрээний мэдэгдэл танилцуулж буйгаа тэмдэглэж, бодит нөхцөл байдалд суурилсан, хөөсгүй төсвийн хүрээ гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд “Эдийн засгийн хүндрэл, гадаад орчны эрсдэл, импортын инфляцын шок бодитоор нүүрлэж буйг харгалзан тооцсон. Тулсан бэрхийг туулж давах мөчлөг сөрсөн асуудал-шийдэл, арга хэмжээнүүд, импортыг идэвхжүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах шийдлүүдийг тусгасан” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн энэ удаагийн төсвийн хүрээний төсөл нь өсөлт, хөрөнгө оруулалтыг урамшуулсан болохыг тодотгоод “Гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрсэн амжилтаа бататгах төлөвлөгөө юм. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгаар 21 зэсийн орд, Эрдэнэт үйлдвэрийн долоон ордод хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бааз сууриа өргөтгөн тэлэхээр тооцсон” хэмээн мэдэгдэж, сахилга баттай төсвийн хүрээ болсныг Ерөнхий сайд хэллээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн бүх шаардлагаар улаан шугам татсан төсвийн хүрээ болохыг тэмдэглэж, тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ийн 1.5 хувьтай тэнцэх алдагдалд хязгаарлаж, суурь тэнцлийг ДНБ-ийн хоёр хувийн ашигтай байхаар төлөвлөсөн гэдгийг хэллээ. Нэгдсэн төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 2027 онд 31.9 хувь, 2028 онд 30.4 хувь, 2029 онд 28.6 хувь болтол үе шаттай тууштай бууруулахаар төсөлд тусгасан болохыг дурдлаа.

Монгол Улсын эдийн засаг 2027 онд 5.8 хувиар, 2028 онд 6.0 хувиар, 2029 онд 6.3 хувиар өсөх төсөөлөлтэй, эдийн засаг дахь Засгийн газрын өрийн хязгаарыг 2027 онд 50 хувиас, 2028 онд мөн 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсон гэдгээ Ерөнхий сайд танилцуулав.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд энэ удаагийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн таамаглалын хувьд олон улсын байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн таамаглалтай харьцангуй нийцтэй болсон, төрийн оролцоог бууруулах бодлогын зөв чиглэлийг баримталж байгааг тодотгосныг зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцуулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн агуулгыг хамарсан байдлын тухайд өмнөхөөс сайжирсан, ахиц дэвшилтэй байна гэж зөвлөлийн зүгээс үзсэн байна. Мөн төсвийн тэнцэл, өрийн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байгаа гэдгийг тодотголоо.

Гэсэн ч төсвийн тогтвортой байдал, төсвийн бодлого, зарлагын бүтэц, макро эдийн засгийн эрсдэлтэй холбоотой анхаарах асуудлууд байгааг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн дээрх илтгэл, дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал болон Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас асуулт асууж, хариулт авсан. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг өндөрлөж, байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.