...Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн бол төмрийн хүдэр. Төмрийн хүдрээ гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх, дараагийн шатны бүтээгдэхүүн болгох нь өнө эртнээс яригдаж ирсэн сэдэв. Гэвч өнгөрсөн хугацаанд ажил болж, амьдралд буусангүй. Хувийн хэвшлийн төслүүдээс зарим нь бариандаа орж чадсангүй. Аж үйлдвэржих хэрэгцээ бидэнд алхам тутам байж ирсэн. Түүхий эд нь байсан боловч түлхүүр эргүүлэх үйлдвэр нь байсангүй. Бусдын жишээг олон удаа сонсож, судалсан боловч Монголдоо бодитоор түүнийг хэрэгжүүлж, өнөөдрийн хөгжилд хүч нэмсэнгүй.
Өсөлт, хөгжлөөрөө бидэнд гайхагдсан, богино хугацаанд өөрийн орны өрсөлдөх чадвараа хэд дахин нэмсэн улсууд гангийн үйлдвэрлэлд онцгой анхаарч, үүгээрээ өөрийн болон бусдын эрэлт хэрэгцээг хангасан байдаг. Ган үйлдвэрлэсэн орнууд гарцаагүй эдийн засгийн хувьсгал хийж, улс орны хөгжлөө өөд нь татсан жишээ олон. Өмнөд хөршөөс эхлээд Өмнөд Солонгос орно.
Хүнд үйлдвэрлэл нь эдийн засгийн бат бөх багана. Тийм учраас хөгжилд тэмүүлсэн улс орнууд 30, 40 жилийн өмнөөс гангийн үйлдвэрлэлд онцгой анхаарч, гадаад зах зээлд өөрийн нөлөө, оролцоогоо тогтоож иржээ. Өнөөдөр хэн илүү ихээр олборлож байгаа нь бус, хэн нь илүү ихээр боловсруулж байгаа нь үр өгөөжийг тэр хэрээр ахиу хүртэх "дүрэм" үйлчилж байна. Тиймээс л олборлолтоос боловсруулалт руу шилжих нь зүй ёсны шаардлага болж хувирч байгаа юм.
Н.Учралын Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа, ган үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах төслийн олон улсын нээлттэй тендерийг зарлаж, хөрөнгө оруулагчдыг, хамтрах, түншлэх компаниудыг урилаа. Түүхэн шийдвэр мөн үү гэвэл мөн. Гэхдээ илүү бахархалт түүх бүтээе гэвэл одоо барьж байгуулах л хамгаас чухал. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болгон түүхэн шийдвэр гаргаж, түүх бүтээх гээд гацсан, зогссон жишээ бас багадаагүй.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Шинээр байгуулагдсан Засгийн газар анхны хурлаараа бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан түүхэн өдөр болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс аж үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлэх чиглэлд томоохон бодлогууд хэрэгжүүлэх шийдвэрүүдийг гаргасан. Удаан хугацаанд яригдсан Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Дархан Уул аймагт байрлах энэхүү гангийн цогцолбор нь 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай бөгөөд хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай" хэмээн ихэд сэтгэл хангалуун шийдвэрээ сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолбор гараан дээрээ ирж байгаад салбар хариуцсан сайд болгон баяртай байх нь дамжиггүй. Гэхдээ энэ цогцолбор салбар хариуцсан сайдын УИХ-д нэр дэвшсэн тойрогт зориулсан эсвэл түүний дараагийн сонгуульд оноо өгөх эсэхтэй огт хамаагүй асуудал юм. Дарханыг дэд бүтэц хөгжсөн, үйлдвэрийн үндсэн түүхий эд ойр, эртнээс аж үйлдвэрлэлийн зангилаа төв байж ирсэн гээд хамгийн оновчтой байршил гэж үздэг.
Монгол Улс 2025 оны эцсийн дүнгээр нэг сая тонн ган хэрэглэжээ. Энэ дүн 2030 он гэхэд 1.7 сая тонн болж өсөх тооцоолол байна. Иймд Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нэмж тодотгоно лээ. Аж үйлдвэржих асар их хэрэгцээ байгаа учраас манай улс яамны нэрээ хүртэл өөрчилж, "Аж үйлдвэр" гэж онцлон авч үзэж байгааг уншигч та өмнө нь анзаарсан байх. Аж үйлдвэр гэдэг бидэнд хар ухаанаар боловсруулна, нэмүү өртөг, үнэ цэнэ шингээнэ, өрсөлдөх чадвараа ахиулна гэсэн амбийц юм.
Гангийн цогцолбор урьдчилсан тооцооллоор 8 жилийн хугацаанд төслийнхөө хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоололтой юм байна. "Аливаа улс хөгжье гэвэл гангийн үйлдвэрлэлээ дэмждэг. Ган үйлдвэрлэж байгаа улс аж үйлдвэрээ хөгжүүлж чаддаг гэх энэ концепцын хүрээнд энэхүү ажлыг хийж байна" хэмээн сайд Г.Дамдинням хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Бүхий л цаг үеийн итгэл үнэмшил ийм.
Төсөл хөдлөх нь чухал, гэхдээ хөдөлсөн төсөл цаг хугацаандаа, анхны санхүүжилтийн дүнгээс алд зөрөхгүй баригдах нь нэн чухал байна. Өсөлт нь удааширсан эдийн засгаа тэлэх, дотоодын хэрэгцээгээ хангах, баялгаа боловсруулах, хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх нь Засгийн газар төдийгүй эрх баригч намын зорилт юм. Олборлоод шууд экспортлох бус, нөөцийн тодорхой хувийг боловсруулах замаар эдийн засгийн дархлаатай болох явдал.
Ган үйлдвэрлэлийн цогцолбор бол инженерийн ур ухаан, шийдэл шингэсэн барилга байгууламж бүхий нүсэр бүтээн байгуулалт. Аж үйлдвэрийн кластер бий болгох эхлэл суурь нь. Олон дагалдах үйлдвэрийн нэгдэл. Нэмж хэлэхэд, сүүлийн таван жилд олон улсад ган бэлдэцийн үнэ 24.7 хувиар хэлбэлзсэн бол төмрийн хүдэр 75.2 хувиар, коксжих нүүрс 82.4 хувиар савлажээ. Эндээс түүхий эд эрсдэл өндөртэй, бүтээгдэхүүн эрсдэл багатай гэдгийг харж болохоор байна.
Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлснээр дараах 5 эерэг үр дүнг улс оронд авчирдаг байна. Үүнд,
1. Эдийн засгийн бүтэц төрөлжиж, чанар сайжирна
2. Мэргэшсэн ажлын байр нэмэгдэнэ
3. Экспортын орлого, татварын орлого нэмэгдэнэ
4 . Технологи, инновац хөгжинө,
5 . Гадаад сөрөг шокод тэсвэртэй болно.
Гангийн цогцолбор гараан дээрээ ирлээ, гэхдээ дараах 5 сорилт, хүндрэлүүд бидний урд бодитой байна. Үүнд,
1. Тогтвортой түүхий эдийн нийлүүлэлт /ямар ордыг ашиглах, ордын хувь эзэмшил, нөөцийн ойлгомжгүй байдал, шүүхийн маргаантай гэх мэт асуудлууд/
2. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалт хамаарах эсэх, үүнийг хэрхэн зохицуулах,
3. Цахилгаан эрчим хүчний хүртээмж, тасралтгүй, найдвартай байдал, үнийн өсөлт энд яригдана. Эрчим хүчгүй бол ямар ч үйлдвэр баригдахгүй. /Сүүлийн гурван жилийн хугацаанд уул уурхайн салбарын хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тариф 54%-иар өсжээ. Эрчим хүчний өртөг баяжуулах үйлдвэрт 20-30 орчим хувийг, металлурги-хайлшны үйлдвэрт 60-70 орчим хувийг эзэлдэг гол зардлуудын нэг/
4. АМНАТ одоо байгаа хувийн хэвшлийн том, жижиг үйлдвэрүүдэд үүд хаалгаа барих бодит шалтгааны нэг болж байгаа. /Олон улсад АМНАТ буюу royalty-ыг газрын хэвлийгээс олборлож гаргасан хүдэрт ногдуулж авдаг болохоос манайх шиг бүтээгдэхүүн болгоход зарцуулсан цалин, цахилгаан, сэлбэг материал, тээвэр, татваруудаас нь буюу нэмүү өртгөөс авдаггүй/
5. Хүний нөөц, тогтвортой ажиллах хүчний хомсдол
Дээрх 5 тулгарах саадыг давж гарснаар гангийн цогцолбор бариандаа амжилттай орох магадлал улам нэмэгдэх юм.
Дотоодын төмрийн нөөц, зах зээлийн нөхцөл байдлыг танилцуулъя.
Монгол Улс жилд 5-7 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолдог бөгөөд үүнээс ойролцоогоор 500 орчим сая ам.долларын орлого олж байна. Дархан-Сэлэнгийн хүдэржилтийн бүсэд Хуст-Уул, Төмөртолгой, Төмөртэй зэрэг тухайн бүс нутгийн ордууд нь нийт 710 сая тонн хүдэрт дунджаар 52 хувьтай агуулагдах 250 сая тонн төмрийн нөөцтэй, ашиглалтын нөөц 170 сая тонн.
Гангийн цогцолборын үндсэн түүхий эд нь Төмөртэй уурхай байхаар төлөвлөж байгаа аж. Шинээр баригдах цогцолборын хүрээнд хэд хэдэн томоохон үйлдвэрүүд баригдах юм. Тодруулбал, Аргалжийн үйлдвэр болон коксын үйлдвэр, шингэн ширэм үйлдвэрлэх домен зуух, шингэн ган үйлдвэрлэх хүчилтөрөгчийн конвертор гэх мэт урьд өмнө байгаагүй технологи, ноу хау нэвтэрнэ.
Нийтлэлд ашигласан материалын эх сурвалжууд:
1. Erik S.Reinert – “How Rich Countries Got Rich…and Why Poor Countries Star Poor” ном,
2. Эрдэнэс INDUSTRY аж үйлдвэрийн салбарын мэргэжлийн сэтгүүл,
3. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хэвлэлийн хурал,
4. Mining.mn