Б.Оюундарь: Гарал үүслийн гэрчилгээний талаар...
Б.Оюундарь: Гарал үүслийн гэрчилгээний талаар...
Гарал үүслийн гэрчилгээ нь тухайн экспортолж буй бараа бүтээгдэхүүн бүхэлдээ болон хэсэгчлэн Монгол Улсад үйлдвэрлэсэн болохыг олон улсын зах зээл дээр хуулийн хүрээнд баталгаажсан баримт бичиг юм.

 Гарал үүслийн гэрчилгээний талаар МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Б.Оюундариас тодрууллаа. 

-Гарал үүслийн гэрчилгээ гэж юу вэ. Манай уншигчдад тайлбарлаж өгөөч ?

-Тухайн экспортолж буй бараа бүтээгдэхүүн бүхэлдээ болон хэсэгчлэн Монгол Улсад үйлдвэрлэсэн болохыг олон улсын зах зээл дээр хуулийн хүрээнд баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ. Үүнийг ихэвчлэн импортлох үеийн зөвшөөрөл олгох үйл явцын нэг хэсэг болгон тухайн импортлогч улсын гаалийн байгууллага шаарддаг. Гаалийн ажилтан нь тухайн гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр татварын хувь хэмжээ, худалдааны гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнд давуу эрх эдлэхэд ашигладаг.

-МҮХАҮТ одоо хэчнээн төрлийн гарал үүслийн гэрчилгээ олгож байгаа вэ?

-Танхимын тухай хуулийн 6.2.3 заалтыг үндэслэн Танхим нь экспортын барааны гарал үүслийг гэрчлэх бүрэн эрхийнхээ хүрээнд 5 төрлийн гарал үүслийн гэрчилгээг олгодог.

-Тухайлбал, ямар төрлийн гэрчилгээ байна вэ?

1. Дэлхийн өндөр хөгжилтэй 40 гаруй улсаас Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP) болон  (GSP+)-ийн дагуу гаалийн тарифын хөнгөлөлтийг эдэлдэг. Энэхүү хөнгөлөлтийг Танхимаас гарал үүслийн гэрчилгээ Form A-ын үндсэн дээр эдэлнэ.

Европын Холбоо (ЕХ)-ны “GSP”+ Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд импортын барааны татварын хөнгөлөлт эдэлж буй бүтээгдэхүүний гарал үүслийн бүртгэлийг цахимжуулсан. Түүнийг 2020 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн Европын Холбооны REX буюу "Бүртгэгдсэн экспортлогчийн систем"-ийг нэвтрүүлсэн. Уг системд аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэх, бүртгэлийн санг хөтлөх үйл ажиллагааг Танхим гүйцэтгэж байна. Тиймээс Европын холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор зорьсон бол тус системд бүртгүүлэх шаардлагатай юм.

Монгол Улсын экспортын бараа, бүтээгдэхүүн дараах орнуудын Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн дагуу гаалийн тарифын хөнгөлөлт эдэлнэ. 

2. Form B гэрчилгээ нь тухайн улсын зах зээлд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэггүй, зөвхөн барааны гарал үүслийг тодорхойлоход ашигладаг бичиг баримт юм. Монгол улстай одоогоор худалдааны гэрээ хэлэлцээр хийгдээгүй, хөнгөлөлтөд хамруулаагүй улс орнууд орно.

Үүнд: БНХАУ, Хонг Конг, БНСУ, Энэтхэг, Тайвань, Тайланд, Малайз, Иран, Арабын орнууд, Африкийн орнууд гэх мэт

3. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Танхимаас гарал үүслийн гэрчилгээ Form E -г олгож байна. 

Уг хэлэлцээрээр БТКУС-ийн ангиллаар Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах боломжтой юм.

4. Монгол улс 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Танхимаас гарал үүслийн гэрчилгээ Form APTA -г олгож байна.

Уг Хэлэлцээрийн хүрээнд экспортлогчид

БНХАУ-ын зах зээлд 2323 бараа бүтээгдэхүүнд 10-100% хүртэлх

Өмнөд Солонгос улсын зах зээлд 2902 бараа бүтээгдэхүүнд 10-50% хүртэлх

Энэтхэг улсын зах зээлд 3253 бараа бүтээгдэхүүнд 10-100% хүртэлх

Лаос улсын зах зээлд 1081 бараа бүтээгдэхүүнд 10-35% хүртэлх

Шри Ланка улсын зах зээлд 568 бараа бүтээгдэхүүнд 5-50% хүртэлх

Бангладеш улсын зах зээлд 608 бараа бүтээгдэхүүнд 10-70% хүртэлх татварын хөнгөлөлт

тус тус эдлэх боломжтой юм.

Монгол Улс хэлэлцээрийн дагуу голчлон дотооддоо үйлдвэрлэдэггүй далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун орны жимс ногоо гэх зэрэг 366 бараанд ноогдуулдаг татварыг 10-30% хүртэлх хувиар бууруулах үүргийг хүлээсэн.

5. Монгол Улсаас гарал үүсэлтэй бус бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойлох зорилгоор Танхимаас гарал үүслийн гэрчилгээ FORM-D -г олгож байна. 

Үүнд Монгол Улсад импортлосон бараа бүтээгдэхүүн, удаан хугацаагаар ашигдагдаж байсан тоног төхөөрөмж, реэкспортын бараа бүтээгдэхүүнийг тооцно.

-Гарал үүслийн гэрчилгээ авахад юуг анхаарах вэ?

  • Гарал үүслийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх
  • Бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлтийн жагсаалтад хамрагдсан эсэхээ шалгах
  • Барааны БТКУС кодыг зөв тодорхойлох
  • Таны бараа хөнгөлөлт эдлэх гарал үүслийн дүрэм, журмын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох
  • Гарал үүслийн гэрчилгээ олгоход шаардлагатай тохиолдолд Танхимын мэргэжилтнүүд тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процессыг шалгаж үзнэ.

-Гарал үүслийн гэрчилгээг хэрхэн авах вэ?

-МҮХАҮТ нь гарал үүслийн гэрчилгээний системийн бүрэн шинэчлэлт хийж автоматжуулан хэрэглээнд нэвтрүүлээд байгаа. Энэхүү системийг нэвтрүүлснээр хурдан шуурхай үйлчилгээ авах, төлбөр тооцоогоо тухай бүрд нь шийдэх, урьдчилгаа төлбөрийн хэрэгслийг ашиглах, гэрчилгээ авах хүсэлт илгээхээс бэлэн болох үе шат бүрийн мэдэгдэл болон и-баримтыг бүртгэлтэй цахим шуудангийн хаягаараа авах гэх мэт олон давуу талууд хэрэглэгчдэд бий болсон.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.