Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.02.05) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзав.
Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал илэрхийллээ. Тэрбээр, Дэлхий дахины хөгжлийн чиг хандлага хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр орон стратегийн түншүүдийн хувиар тогтмол уулзаж, идэвхтэй харилцаатай байхын чухлыг тэмдэглэв.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр талын яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж буйг онцолсон юм.
Элчин сайд Чой Жин Вон, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлэв. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд 2025 онд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд ийн хоёр орон хоорондын дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулан хадгалж ажиллаж буйгаа ноён Чой Жин Вон дурдсан юм.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг тодотгоод, эрчимтэй хөгжиж буй харилцаагаа бэхжүүлэн өргөжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах нь чухал ач холбогдолтой гэлээ. Мөн тэрбээр, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгааг дурдаад, энэ бага хурлыг амжилттай зохион байгуулахад БНСУ-ын туршлага, дэмжлэг, өндөр түвшний оролцоо нэн чухал байгааг Элчин сайд Чой Жин Вонд уламжиллаа.
Мөн тэрбээр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан хоёр сар гаруйн хугацаанд иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөдөлмөрлөж байгаа хүнд төр дарамт биш боломж өгдөг болох шинэчлэлийг хийхээр зорьж “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлуулан, бизнесийн орчныг дэмжин ажиллаж буйгаа дуулгав. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зах зээл дахь чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгардаг саад бэрхшээлүүдийг арилгах, зөвшөөрлийн тоог бууруулах эрх зүйн реформ хийж буйгаа онцлоод “Тэр дундаа банкны реформ хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Хоёр улсын санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн найдаж байна” хэмээсэн.
Үргэлжлүүлэн талууд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой асуудал, хоёр талын ховор металлын салбарт эхлүүлээд буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, санхүү, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг стратегийн чухал ач холбогдолтой шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцав. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар, тэр дундаа “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн ажлыг урагшлуулах талаар санал солилцлоо.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг шинэ шатанд гаргах Элчин сайдын зорилгод Монгол Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.