Г.Дамдинням: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн араас Хүнд үйлдвэрийн хуулийн төсөл орж ирнэ
2 Өдрийн өмнө
160
Г.Дамдинням: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн араас Хүнд үйлдвэрийн хуулийн төсөл орж ирнэ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-д өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" арга хэмжээ эхэллээ. Тус 7 хоногийн арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нээж, үг хэллээ. Уул уурхайн салбарт хүлээгдэж буй олон асуудал бий. Үүний нэг нь хууль эрх зүйн орчны шинэчлэл.

Салбарын хөгжлийг тодорхойлох Ашигт малтмалын тухай хуульд шинэчилсэн найруулга биш нэмэлт өөрчлөлт оруулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдэгдсэн. Тус хуулийн шинэчлэл нь олон сайд, олон Засгийн газрын нүүр үзсэн, тэр хэрээр салбар төдийгүй хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал, хүлээлт дагуулсан. 

Өнөөдрийн арга хэмжээний эхэнд салбар хариуцсан сайд Г.Дамдинням ирэх хаврын УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, мөн Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр өргөн барина гэдгийг онцоллоо. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал нь батлагдсан. Энэ 7 хоногт яамдууд, иргэд, аж ахуйн нэгжээр хэлэлцүүлнэ, санал авах ажил эхэлнэ. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд хамгийн том нөлөөтэй хууль бол Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэж харж байгаа. Энэ хуульд хэд хэдэн өөрчлөлтийг оруулахын сацуу анхдагч болон өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлдэж байгаа. Хоёрдахь хууль бол Хүнд үйлдвэрийн тухай хууль, гурав дахь нь Газрын тосны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт" гэв. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.