УИХ-ын гишүүн Б.Жаргалан гурван өдрийн турш үргэлжилсэн "Оюу Толгойн сонсгол"-ын талаар дараах байр суурийг илэрхийллээ.
- Оюутолгойн сонсголын үндсэн зорилго бол Монголын талд ноогдох өгөөжийг аль болох нэмэгдүүлэх явдал гэж ойлгож байгаа. Гурван өдрийн сонсголын үр дүнд олон мэдээлэл нээлттэй болсон нь сайшаалтай бөгөөд өөрт төрсөн сэтгэгдэл, зарим дүгнэлтийг бичиж үлдээх нь зөв гэж бодов.
1. УИХ-аас Засгийн газарт хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрт орж, гэрээ байгуулах эрх олгосон УИХ-ын 40, 57-р тогтоолууд хэрэгжсэн үү гэдэг асуултад дийлэнх гэрчүүд "Хэрэгжилт хангалтгүй" гэж хариуллаа. УИХ-ын шийдвэрүүд монголчуудын хүсэл зоригийг илэрхийлж, Засгийн газар түүнийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байв.
УИХ-ын хэлэлцүүлгийн протокол, сонсгол дээр байр сууриа илэрхийлсэн хүмүүсийн ярианаас дүгнэхэд Хөрөнгө оруулалтын гэрээнд сэтгэл хангалуун бус байдаг, тухайлбал төрийн эзэмших 34 хувь бол Монголын талаас ямар нэг өр төлбөр тавихгүй, эрсдэл хүлээхгүйгээр Монгол Улсын газар нутагт хэрэгжих энэ том төсөлд хувь эзэмших эрх байна гэсэн ойлголт УИХ, ард түмний дунд давамгайлж байсан нь харагдаж байна. Түүнчлэн, Оюутолгой төслөөс монголчуудын хүртэх өгөөж 50 хувиас доош орж хэрхэвч болохгүй гэсэн хатуу байр суурьтай байжээ. Ийм хүлээлттэйгээр УИХ-аас Засгийн газарт гэрээ байгуулах эрхийг олгосон байна.
2. Монгол Улсын эзэмшиж буй 34 хувьд ноогдох зээл манай улсыг өрөнд оруулаад байна гэж нийтлэгээр ойлгож ирсэн боловч 2021 онд манай талын 34 хувьд ноогдох хувьцааны санхүүжилт 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэн. Энэ дүнгийн 1.4 орчим тэрбум ам.доллар нь үндсэн зээл, 900 орчим сая ам.долларын хуримтлагдсан хүү байжээ. Одоо Монгол Улсын Засгийн газарт Оюутолгой төсөлтэй холбоотой хариуцлага хүлээх өр төлбөр байхгүй буюу тухайн үед УИХ-аас тавьж байсан 34 хувьд ямар нэгэн өр төлбөр үүсгэхгүй хувь эзэмших тухай шаардлага 2021 онд буюу 12 жилийн дараа биелжээ.
3. Гэвч Рио тинто групп Оюутолгой төслийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын нийт зардлыг өндөр хүүтэй хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр санхүүжүүлж ирсэн тул өнөөдөр Оюутолгой ХХК-д хуримтлагдсан зээл, хүүгийн төлбөрийн хэмжээ 18.7 тэрбум ам.долларт хүрчээ. 2010 онд анх ТЭЗҮ батлагдаж байхад 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт яригдаж байсан бол ил, далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал, хугацааны хэтрэлтээс шалтгаалан нийт санхүүжилтийн хэмжээ 21.9 тэрбум ам.доллар болж даруй 4 дахин өссөн байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд, Оюутолгой ХХК зээлээ төлж дууссаны дараа ноогдол ашиг тараана гэсэн заалт байгаа учраас энэ 18.7 тэрбум ам.долларыг төлөхөөс нааш манай талд ноогдол ашиг ирэхгүй. Оюутолгой ХХК-д ноогдож буй 18.7 тэрбум ам.долларын зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл нь янз бүрийн хүүтэй зээлүүдээс бүрдэж байгаа боловч хамгийн том хэсэг нь буюу 11.3 тэрбум ам.доллар нь Рио тинтогоос авсан хувь нийлүүлэгчийн зээл буюу "SOFR + 6.5" хувийн хүүтэй зээл юм (SOFR буюу Secured Overnight Financing Rate нь АНУ-ын богино хугацааны хүүгийн лавлах индекс юм). Тус индекс 2022 оноос хойш огцом өссөн тул Оюутолгой ХХК-ийн төлөх бодит зээлийн хүү 11.5% орчим болжээ. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой ХХК нь 66%-ийн хувь эзэмшигч, толгой компани гэж хэлж болох Рио тинтогоос нийт 14.6 тэрбум ам.доллар зээлжээ.
Өнөөдөр Оюутолгой ХХК-ийн нийт зээлийн үлдэгдэл 18.7 тэрбум ам.доллартой тэнцэж байгаагаас 13.4 тэрбум ам.доллар нь үндсэн зээлийн үлдэгдэл, 5.2 тэрбум ам.доллар нь хуримтлагдсан хүү байна. 2025 онд Оюутолгой ХХК-д өдөр бүр дунджаар 13.2 тэрбум төгрөгийн хүү бодогджээ.
2011 онд Хувь нийлүүлэгчийн гэрээнд оруулсан өөрчлөлтөд, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 7 жил тутам эргэж харна гэсэн зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд 2017-2018 онд хүүгийн хувь хэмжээтэй холбоотой хэлэлцээр хийх боломж гарсан. Гэвч тухайн үед хэлэлцээ амжилттай болоогүй. Энэ талаар лавлахад, хэлэлцээ ид явж байх үед Оюутолгойн гэрээг байгуулахад гар бие оролцсон зарим хүмүүсийг шоронд хийсэнтэй холбоотойгоор талууд илт дайсагнах маягтай болж, хэлэлцээ бүр мөсөн зогссон гэж тухайн үеийн Сангийн яамны ТНБД, техникийн ажлын хэсгийг ахалж ажилласан С.Наранцогт хэлсэн. Тэр үед манай талаас зээлийн хүүг "SOFR + 3.25%" болгон өөрчлөх санхүүгийн тооцоо хийсэн байжээ.
Энэ цаг мөчид Засгийн газар, Рио тинтотой дахин хэлэлцээрийн ширээнд сууж байгаа. С.Баяр сайд, түр хорооны сонсгол цаг үеэ олоогүй, манай тал хөзрөө дэлгэх гээд байна гэх утгатай зүйл ярьсан боловч анхнаасаа манай талын хүлээлт юу байсан, гүйцэтгэл ямар байгаа талаар мэдээлэл нээлттэй болж байж монголчууд дотроо байр сууриа нэгтгэж, Засгийн газарт тодорхой даалгавар өгөх нь чухал гэж бодож байна. Тиймээс гэрээг анх байгуулсан болон түүнээс хойш шийдвэр гаргалцсан хүмүүс өөрсдийгөө зөвтгөхийг урьтал болголгүйгээр 16 жилийн туршид гарсан алдаа оноонд бодит дүгнэлт хийгээд иргэдэд тодорхой мэдээлэл өгч ажиллах нь зүйд нийцнэ.
4. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулах үед Оюутолгой төслийн ТЭЗҮ эцэслэн батлагдаагүй байжээ. Улмаар 2010 онд ТЭЗҮ-г анхлан баталсан бөгөөд 2015 онд Дубайн төлөвлөгөө байгуулагдахад зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрч, ТЭЗҮ-г шинэчлэн баталсан байна. Хуульд ТЭЗҮ-г 5 жил тутам шинэчилж батална гэж заасан байдаг боловч 2015 оноос Оюутолгойн ТЭЗҮ-г шинэчлэн батлаагүй байна.
ТЭЗҮ-тэй холбоотой асуудал яагаад чухал вэ гэхээр анхнаасаа ТЭЗҮ-ээ тодорхой тохироогүй учир төслийн бүх зураг төсөл, менежментийг хариуцаж ирсэн хөрөнгө оруулагч тал дураараа хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлж, түүнийгээ санхүүжүүлэхийн тулд өөрөөсөө өндөр хүүтэй мөнгө зээлсэн дүр зураг харагдаад байгаа юм. Гэрээ байгуулсан С.Баяр сайдаас асуухад, анх ил уурхайн зардлын талаар хэлэлцээ хийсэн, гүний уурхайн хувьд ил уурхайн орлогоос санхүүжүүлээд явна гэсэн ойлголттой байсан гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед төслийн хөрөнгө оруулалтын бодит зардлын талаар харьцангуй хөнгөн хийсвэр ойлголттойгоор гэрээ байгуулсан гэж ойлгогдохоор байгаа юм.
5. Оюутолгойгоос Монголын тал хэдэн хувийн өгөөж хүртэж байгаа вэ? 2011 онд Рио тинтогийн ПР баг Оюутолгой төслөөс монголчуудын хүртэх нийт ашиг 71 хувь байна гэсэн сурталчилгаа явуулсныг сонсголын үеэр сануулав. Тэгвэл шинжээчийн танилцуулгад манай талд ноогдох өгөөжийг 37 хувь гэж тооцжээ. Оюутолгойн гэрээ 2009 онд байгуулагдсан, ил уурхайн анхны экспорт 2013 оны 7 дугаар сард хийгдсэн, гүний уурхай 2023 оны 3 дугаар сард нээлтээ хийсэн. Төсөл эхэлснээс хойш 16 жил өнгөрч байхад монголчуудад ноогдох өгөөж маш чамлалттай байгаа нь сонсгол хийх үндсэн шалтгаан юм.
Өнгөрсөн хугацаанд Оюутолгой ХХК нийт 16 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. Оюутолгойн гэрээнд, Рио тинтогийн менежментийн баг хөрөнгө оруулалтын зардлаас 3 хувь, урсгал зардлаас 6 хувийн менежментийн төлбөр суутгаж авна гэсний дагуу Рио тинто менежментийн төлбөрт 1.2 тэрбум ам.доллар авчээ. Рио тинто менежментийн төлбөрөөс гадна зээлийн баталгааны шимтгэл гэх мэт төлбөрүүдийг мөн бэлнээр авдаг байна.
Татварын ерөнхий газраас энэ хугацаанд Оюутолгой ХХК хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ гэж лавлахад 2001 оноос хойш 6.4 их наяд төгрөг төлсөн гэж хариулсан. Энэ тоо нь ТЕГ-аас тооцдог бүх төрлийн татвар, шимтгэлийн нийлбэр бөгөөд Гаалийн ерөнхий газрын тоо болон бусад зарим нэг төлбөрийн мэдээлэл ороогүй болно. Татварын байгууллагад 6.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн гэдэг нь өнөөдрийн ханшаар 1.8 тэрбум ам.доллар юм. Үндэстэн дамнасан корпорацын татварын тайланг хянахад гардаг тодорхой хүндрэлүүдийн талаар ч ТЕГ-ын албан тушаалтнууд ярьсан.
Оюутолгойн гэрээнд Монголын талын хүртэх өгөөжийн тодорхойлолт, хувь хэмжээг маш тодорхой тусгаж өгөөгүй нь алдаа болсныг С.Баярцогт сайд хүлээн зөвшөөрсөн.
6. Онтре ХХК-ийн эзэмшиж буй хоёр лиценз нь Оюутолгой ХХК-ийн лицензийн талбайтай шууд залгаа байршилтай. 2003 онд Жавхлант, Шивээ толгой ордын лицензийг Онтрэ ХХК худалдан авсан байна. 2004 онд Онтре ХХК, Оюутолгой ХХК-тай хэлцэл хийж, улмаар 2008 оны 6-р сарын 30-нд Оюутолгой ХХК, Онтре ХХК нар хамтран ажиллах нөхцөлөө тохирсон. Энэ хүрээнд Онтре ХХК Жавхлант, Шивээ толгой ордод 20% болон 30%-ийн оролцооны хувь эзэмших гэрээ байгуулжээ. Оролцооны хувь эзэмшил буюу carried interest гэдэг нь Онтре ХХК ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр төслийн мөнгөн урсгалаас хувь хүртэнэ гэсэн үг юм. Монголын тал Рио тинтотой хэлэлцээр хийж байх үед цаад тал нь гуравдагч этгээдтэй ийм гэрээ хэдийн байгуулчихсан байв. Өөрөөр хэлбэл, бидэнд 34 хувиа мөн адил нөхцөлөөр эзэмших боломж байсан гэлтэй. Нөгөө талаас, Онтрегийн лицензтэй холбоотой асуудал Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед тодорхой болсон байхад яагаад тухайн үед энэ асуудлаа шийдээгүй вэ гэдэг асуултад С.Баярцогт тодорхой хариулт өгсөнгүй. Юутай ч, Онтре ХХК-ийн эзэмшилд буй ордуудын ашиглалт Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний тогтворжуулалтын орчинд хамаарахгүй гэдгийг гэрээг байгуулсан албан тушаалтнууд болон түр хорооноос томилсон шинжээчид бүгд хүлээн зөвшөөрөв.
7. Оюутолгой бүлэг ордын нөөцийн 60 орчим хувь нь С буюу “боломжтой” зэрэгтэй талаар шинжээч танилцуулсан. Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг дараах байдлаар тэмдэглэх журамтай: “Ордын геологийн нөөцийг баттай, бодитой, боломжтой зэрэглэлд ангилан баттай нөөцийг “А”, бодитой нөөцийг “B”, боломжтой нөөцийг “С” үсгээр тэмдэглэнэ.” Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш даруй 16 жил өнгөрч байхад геологийн нөөц хангалттай судлагдаагүй байгаа нь сонирхол татсан учир 2009 оноос хойш хайгуулын зардалд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэж асуухад Оюутолгой ХХК-ийн Нөөцийн үнэлгээ болон систем хариуцсан менежер А.Одончимэг, өнгөрсөн хугацаанд нийт 408 тэрбум төгрөг зарцуулснаас 88 тэрбум төгрөгийн хайгуул Онтрэ ХХК-ийн талбайд хийгдсэн гэж хариулав. Мөн ордын нөөцийг дотоодод болон гадаадад зөрүүтэй мэдээлдэг талаар шинжээч дурдав.
Бас нэг ноцтой зүйл гэвэл, Оюу толгой бүлэг ордыг сорчлон олборлохоор төлөвлөсөн гэж шинжээч дүгнэсэн бөгөөд нийт баялгийн 48 орчим хувь газрын хэвлийд үлдэнэ гэж танилцуулав. Энэ талаар компаниас тодорхой мэдээлэл авч чадаагүй тул дахин тодруулах болно.
8. Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг 3 гишүүн, хөрөнгө оруулагчийн талыг 6 гишүүн төлөөлж ажилладаг. Гэрээнд тусгагдсан компанийн засаглал болон ТУЗ-ийн эрх үүрэгтэй холбоотой заалтууд нь тухайн үеийн Компанийн тухай хуульд нийцээгүй, хөрөнгө оруулагчийн талд хэт ашигтай зохицуулалт болсон талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдав. Тийм ч учраас компанийн зардлын хэтрэлт, үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавьж байх үүрэгтэй ТУЗ-д Монголын талын эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой ТУЗ-ийн гишүүд хангалттай сайн ажиллах нөхцөл бүрдээгүй байна. Анх гэрээ байгуулахад засаглалтай холбоотой асуудлаар манай тал ямар байр суурьтай байсан, ямар заалт тусгахыг зорьсон бэ гэж асуухад С.Баяр, С.Баярцогт нар тодорхой хариулт өгөөгүй. Цаашид Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулж, Монголын талын оролцоог нэмэгдүүлэх нь чухал байгаа.
9. УИХ-аас баталж өгсөн 40, 57-р тогтоолуудаар Засгийн газарт тухайн үед хүчин төгөлдөр хуульд нийцсэн гэрээ байгуулах эрхийг олгосон байдаг. Гэтэл гэрээ байгуулахаас өмнө Ашигт малтмалын тухай хуульд 50 орчим нэмэлт, өөрчлөлт оруулаад зогсохгүй 2009 оны 8-р сарын 16-нд хэд хэдэн хууль өөрчлөх асуудал яригдсаны дунд Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хуулийг цуцлах шийдвэр гарсан. Зэсийн үнэ огцом өсөх үед тодорхой босгоос дээш үнэд 68 хувийн татвар ноогдуулах энэ татвар нь өсөн нэмэгдэх АМНАТ-тай төсөөтэй зохицуулалт байсан юм. Одоо Эрдэнэт үйлдвэр өсөн нэмэгдэх АМНАТ төлж байгаа учраас Оюутолгой ХХК-иас хамаагүй өндөр татвар төлж байгаа гэсэн үг. Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг хүчингүй болгох тухай санаачилга аль талаас гарсан бэ гэсэн асуултад тодорхой хариулт авч чадаагүй.
Юутай ч, гэрээ байгуулахад манай тал маш олон зүйл дээр буулт хийж, Монгол Улсын хуулиудад өөрчлөлт оруулсан гэдэг нь тодорхой байна. Дэлхий даяар санхүүгийн хямрал нүүрлээд байсан зах зээлийн харьцангуй таагүй орчинд хэлэлцээр хийгдсэн гэх мэт зовлон байсныг ч ойлгож байгаа.
10. Манай талаас гэрээнд оруулсан зарчмын гэж хэлж болохуйц зарим зүйл заалтыг дурдвал, дийлэнх нь өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Нэгдүгээрт, эрчим хүчээ дотоодоос авах тухай заалт. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т "Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ... эх үүсвэрээс ... хангана" гэж заасан. Энэ заалт огт хэрэгжээгүй нь үе үеийн Засгийн газар, Эрчим хүчний сайд нарын нэгнээ буруутгах хэрэгсэл болсон гэхэд хилсдэхгүй. Хоёрдугаарт, зэс хайлуулах үйлдвэр барихтай холбоотой заалтын аль нь ч хэрэгжээгүй. Гуравдугаарт, бүс нутгийн хөгжилтэй холбоотой бүлэг заалтын хэрэгжилт хангалтгүй, үүнд мөн усны асуудал хамаарна.
11. Оюутолгой ХХК 2025 оноос эхлэн эерэг мөнгөн урсгалтай болж байгаа. Энэ жил зэсийн экспорт нүүрсний экспортыг үнийн дүнгээр давах төлөвтэй байгаа бөгөөд нэг тонн зэсийн үнэ 11,500 ам.доллар, нэг унц алтны үнэ 4,200 ам.долларт хүрсэн. Тиймээс зах зээлийн нөхцөл байдал сайн байгаа энэ цаг үед бид хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай хэлэлцээр хийх нь чухал гэж үзэж байна.
Энд сийрүүлсэн тоон мэдээлэл бол сонсголын үед шинжээчдийн баримт болон гэрчүүдийн ярианд дурдагдсан нээлттэй мэдээлэл юм. Аливаа дүгнэлт нь миний хувийн байр суурь бөгөөд алдаж оносон байхыг үгүйсгэхгүй. Нээлттэй сонсгол хийсэн завшааныг ашиглаад бид аль болох нэгдсэн ойлголтод хүрч, цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн байр суурьтай болох нь чухал гэж бодож байна.