Н.Учрал: Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгаар хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бааз сууриа өргөтгөн тэлэхээр тооцсон
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг /2025.05.08/ УИХ-д танилцуулав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгийг ТОЙМЛОН хүргэж байна.
- Дэлхийд тодорхойгүй байдал хамгийн тодорхой байгаа нөхцөлд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийг боловсрууллаа.
- Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн дэлхий даяар газрын тосны бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь савлаж, инфляц гаарлаа. Тээвэр, худалдаа, логистикийн эрсдэл өсөн нэмэгдлээ. Монгол Улсад ч хямралын сүүдэр туслаа. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. 2026 оны 3 дугаар сард инфляц 7.4 хувьд хүрч, үхэр, хонь, адуу, ямааны махны үнэ 10-25 хувиар өссөн нь ахуй амьжиргаанд дарамт болж байна.
- Хүндрэлийн үед нэг хэсэг нь улам хумьж, хязгаарладаг. Хүндрэлийн үед нөгөө хэсэг нь үүнийг ашиглан, эдийн засгаа шинэчилдэг. Монгол Улс иргэндээ, хувийн хэвшилдээ итгэж, итгэлцлийн үндсэн дээр эдийн засгаа чөлөөлөн шинэчлэх замыг сонгож байна.
- Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл жагсаасан тоо, бичсэн зорилтуудын цуглуулга биш юм. Төсвийн хүрээ, төсөөлөл бол төр ямар хэмжээнд байх вэ, хувийн хэвшилдээ ямар орон зай чөлөөлж нээх вэ? гэдэг асуултын хариулт юм.
- Хөрөнгө оруулалтыг хөөж туудаг тодорхойгүй шийдвэрээс чөлөөлье гэдэг дуусдаггүй яриаг дуусгах тооцоо төлөвлөгөө юм. Өгүүлбэртэй бодлогын хариу юм.
- 2027 оны төсвийн хүрээ, 2028-2029 оны төсвийн төсөөлөл бол "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогын үргэлжлэл юм. Засгийн газар чөлөөлөлтийн гарааны сардаа “асуудал-шийдэл-биелэлт” хэмээх арга барилаар 12 чөлөөлөлт хийлээ. Амьдралд бодит шийдэл, биеллээ хүлээсэн, олон зуун мянган хүний ажил, амьдралд шууд хамаатай чөлөөлөлт бүхэн жижиг асуудал биш юм. Төр нь иргэндээ, хувийн хэвшилдээ итгэж, итгэлийн хариуд итгэл төрж, итгэлцэл үүсэх нь жижиг биш том, зах зээлд эерэг дохио өгсөн шийдэл юм.
- Манай улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн хэдий ч, хөдөө аж ахуй болон Оюутолгойн баяжмалаас бусад салбаруудын өсөлт ердөө 3.6 хувь буюу эдийн засгийн бодит хүчин чадлаасаа доогуур байна. Нийслэлийн өрхийн бодит орлогын өсөлт 2.2 болж удааширч, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 3.2 хувиар буурчээ.
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа учир цаашид эдийн засгийн потенциал хүчин чадал сулрах эрсдэлтэй байна. 2026 оны эхний улиралд нийт импорт 3 хувиар буурлаа. Эдийн засаг удааширч байгаа тул бид эдийн засгийн хүндрэл, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж байна. УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар өргөн мэдүүлж буй энэхүү төсвийн бодлого ч эдийн засгаа сэргээн идэвхжүүлэх, эдийн засгийн цусны эргэлтийг эрчимжүүлэх зорилготой юм. Бизнес, хөрөнгө оруулалтад тулгамдсан саад тээг, хүний хийж бүтээх хүслийг хяссан чөдөр тушааг тайлж чөлөөлөх нь итгэлцэл дээр үндэслэн эдийн засгийн цусны эргэлтийг дэмжих бодлогын цөм нь юм.
- Гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрсэн амжилтаа бататгах төлөвлөгөө юм. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгаар 21 зэсийн орд, Эрдэнэт үйлдвэрийн 7 ордод хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бааз сууриа өргөтгөн тэлэхээр тооцсон.
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн бүх шаардлагаар улаан шугам татсан төсвийн хүрээ. Тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ийн 1.5 хувьтай тэнцэх алдагдалд хязгаарлаж, суурь тэнцлийг ДНБ-ийн 2 хувийн ашигтай байхаар төлөвлөлөө. Нэгдсэн төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 2027 онд 31.9 хувь, 2028 онд 30.4 хувь, 2029 онд 28.6 хувь болтол үе шаттай тууштай бууруулна.
- Засгийн Төсвийн зардлаа хэмнэж, орлогоо нэмэх зорилгоо хатуу баримтлан ажиллах болно. Саарын хажуугаар сайн гэдэг. Бидэнд сайн мэдээ ч байна. Экспорт өссөн сайн мэдээ байна. 5-р сарын 6-ны байдлаар экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 63 хувиар өслөө. Нүүрсний экспортын биет хэмжээ 58 хувиар өсөж, 40.5 сая тоннд, зэсийн баяжмалын биет хэмжээ 38 хувиар нэмэгдэж 926 мянган тоннд хүрээд байна.
- Эрч дээр эрч нэмж, нүүрсний экспортоо 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028 онд 105 сая тонн, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан.
- Экспортын гарц, орлогын орц болсон хилийн боомтуудаа тасралтгүй, найдвартай ажиллуулна. Ханги, Бичигт, Булган боомтуудад лаборатори, ухаалаг гарц нэн яаралтай нэвтрүүлж, Гашуунсухайт, Шивээхүрэнд ажиллах цагийг уртасгах зэрэг арга хэмжээг шууд авч хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд манай улсын эдийн засаг 2027 онд 5.8 хувиар, 2028 онд 6.0 хувиар, 2029 онд 6.3 хувиар өсөх төсөөлөлтэй байна.
- Түүхий эд гаргадаг түүхийг өөрчлөх, түүнээс хэт хамаарлаа багасгах, байгалийн үүц нөөцдөө үнэ цэн, өртөг ашиг нэмж боловсруулах үйлдвэрүүдийн үүдийг зоригтойгоор нээнэ. Гангийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс пиролизийн үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ.