Эрчим хүч, газрын ховор металл зэрэг салбаруудад хоёр улс нягт хамтран ажиллахад парламентын түвшинд харилцан дэмжлэг үзүүлнэ
9 Цагийн өмнө
140
Эрчим хүч, газрын ховор металл зэрэг салбаруудад хоёр улс нягт хамтран ажиллахад парламентын түвшинд харилцан дэмжлэг үзүүлнэ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй бүлгийн гишүүд Бүгд Найрамдах Солонгос Улсад 2025 оны 12 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд 12 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён хоёр улсын парламентын бүлгүүд идэвхтэй ажиллаж буйг онцлон тэмдэглэв.

parlament_2512164 

Бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-д айлчлахаас өмнө Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүдийн төлөөлөл Монгол Улсад амьдарч буй солонгос иргэдийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонссоноо дурдаад, хоёр улсад амьдарч буй иргэдийн эрх зүйн болоод бусад тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэйг тодотгосон юм.

Түүнчлэн уулзалтын үеэр эрчим хүч, газрын ховор металл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн салбаруудад хоёр улс нягт хамтран ажиллахад парламентын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэгт Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён санал нийллээ. Энэ удаагийн айлчлалын хүрээнд дээрх дурдсан салбаруудын төлөөлөлтэй албан уулзалт хийж буй юм байна.

parlament_2512161 

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг энэ сарын 12-ны өдөр нээсэнд бөгөөд уг төсөл нь хоёр улсын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бодит жишээ болж, ховор металлын салбарт хамтран ажиллах чухал эхлэлийг тавьж буйг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд онцлов.

parlament_2512163 

Уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Д.Батбаяр, Б.Баярбаатар, Ж.Галбадрах, Д.Рэгдэл, Д.Энхтуяа, БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн, тус бүлгийн дэд дарга Им У Гён болон гишүүн Жон Юун Ги, Ким Дэ Шиг, Ян Бү Нам нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.