Хувийн хэвшил хийчих төслийг төр гацаагаад арван жил болох гэж байна
3 Өдрийн өмнө
549
Хувийн хэвшил хийчих төслийг төр гацаагаад арван жил болох гэж байна
Ашиглалтад орох цаг хугацаа нь үргэлж хойшилж байдаг, үр дүнд нь харагдаж өгдөггүй төслүүдээ төр хэрэгжүүлж чадахгүй бол хийж чадах хувийн хэвшилдээ боломж олгож, улс орныхоо хөгжилд тус нэмэр болоосой.
“Кью Эс Си” гэж хувийн хэвшлийн компани “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл хэрэгжүүлж байхад нь төр зогсоосон. Энэ цагаас уг төслийн ирээдүй бүрхэг болж, Монгол Улс дотооддоо ган хайлуулах итгэл найдвар алдарч эхэлсэн гэж хэлж болно. Төр, хувийн хэвшлийн бас нэгэн маргаан шүүх дээр ингэж нэмэгдсэн. Хувийн хэвшил хийчих төслийг төр гацаагаад арван жил болох гэж байна. Манай төр хувийн хэвшлээ "дээрэмдсэн" энэ цагаас хойш гангийн төсөл мартагдаж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн өрсөлдөх чадвар суларч эхэлсэн. Монголын төр өөрөө ч юм хийдэггүй, өрөөлийг ч юм хийлгэдэггүй юм байна гэдгийг харуулах бодитой жишээ "Уул уурхай, металлургийн цогцолбор" төсөл болж үлдсэн юм. 
 
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн үйл ажиллагаатай танилцсан манай сайд дарга болгон ган хайлах үйлдвэр байгуулна, гангийн цогцолбор ашиглалтад орно гэж хэлдэг. Гэвч тэд хийсэнгүй ээ. Хийнэ, бид хийнэ гэж яриад харин хэдэн арван жил болох юм байна. Төр хувийн хэвшлээ дэмжинэ, хамтарна гэдэг. Гэвч үйлдэл нь дандаа эсрэг, сайд дарга нарын хэлсэн, ярьсан болгон хувийн хэвшлээ нухчин дарахад чиглэж таарах юм. Дайсан зарлаж, хувийн хэвшлээ ад үзэх, нийгмээрээ "шүүх" ажил руу төр турхиран залж орхидог боллоо. Баялаг бүтээгчдээ төр хэлмэгдүүлэх, хилсээр гүтгэх, үл тоох хандлага ч тэр хэрээр нэмэгдлээ. 
 
Төрийн өмч гэх авч угтаа дарга нарын өмч болж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд хулгай, луйвар, шахаа цэцэглэн хөгжив. Үүнийг тойрч гарсан төрийн өмчит аж ахуйн нэгж, компани Монголд байна уу...
 
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстой гэж үздэг, хүлээн зөвшөөрдөг. Үүгээр зогсохгүй тус үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхэд анхаарч ажиллана гэдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд юу өөрчлөгдсөн бэ. Ямар дэвшилтэт ахиц гарсан бэ. Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна гэсэн мөрөөдлөө төр тээсээр, цүнх дүүрэн цаас, материал үе үеийн сайд дарга нарынхаа өмнө өрж, танилцуулж ирлээ.
 
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг түшиглэн “Ган боловсруулах цогцолбор”-ыг гурван үе шаттай байгуулж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж “Эрдэнэс Монгол” нэгдэл 2023 оны есдүгээр сард зарлаж байлаа. “Ган боловсруулах цогцолбор”-ын эхний хэсэг болох Шууд ангижруулсан төмөр (ШАТ)-ийн үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна гээд чухам л ажил эрчимтэй урагшилж байгааг өндөр дуугаар онцлон тэмдэглэж байлаа. Гэвч энэ онд ямар нэгэн үйлдвэр ашиглалтад орсонгүй. 
 
Монгол Улс бүхэлдээ төсөөлөл дүүрэн, урагшилж өгдөггүй төслүүдийн эх орон болж хувирсан байна. Цаасан дээр олон мянган ажлын байр, нийгэм, эдийн засгийн үр ашиг, төсвийн орлого ярьж, ТЭЗҮ нэрээр татвар төлөгчдийг мөнгийг гарын салаагаар урсгадаг л айл болж хоцорсон байна. Олон, олон боломжит төслийг төр нугасалж, хувийн хэвшлээ буланд шахаж, эдийн засгийн алдагдсан боломжийн өртгийг асар ихээр нэмж чадсан байна.
 
Манай улсын гангийн хэрэглээ 2024 оны байдлаар 890 мянган тонн бөгөөд 2030 он гэхэд энэ дүн 1.7 сая тонн болж нэмэгдэх юм байна. Тиймээс сая тонн хүчин чадал бүхий ган үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулахаар төр төлөвлөж, судалгаа шинжилгээний ажил эхэлжээ. 
 
Монгол орны төмрийн хүдрийн батлагдсан нөөц 1.75 тэрбум тонн орчим, үүнээс Ган үйлдвэрлэлийн цогцолборын 200 км радиуст 970 орчим сая тонн төмрийн хүдрийн нөөц бүртгэгдсэн. Ган үйлдвэрлэлийн цогцолборыг төр Дарханы үйлдвэр, технологийн паркийн хүрээнд барьж байгуулах шинэ аялал эхлүүлжээ. Ган үйлдвэрлэлийн цогцолборын нийт хөрөнгө оруулалтыг 655 сая ам.доллар гэж урьдчилсан байдлаар тооцсон байна. Цогцолбор ашиглалтад орсноор 1275 шууд ажлын байр бий болж, барилгын өртгийг 10-20 хүртэлх хувиар бууруулах боломж бүрдэх юм гэнэ.
 
Ашиглалтад орох цаг хугацаа нь үргэлж хойшилж байдаг, үр дүнд нь харагдаж өгдөггүй төслүүдээ төр хэрэгжүүлж чадахгүй бол хийж чадах хувийн хэвшилдээ боломж олгож, улс орныхоо хөгжилд тус нэмэр болоосой. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.