“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг танилцууллаа
“Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хуулийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон засгийн газрын гишүүд ирэх таван жилд баримтлах бодлогын баримт бичгийг олон нийтэд танилцууллаа.
Ирэх таван жилийн хөгжлийн баримт бичгийг бодлогын найман чиглэлд, тодорхой индексүүдэд хүрэх зорилт тавин боловсруулсан бөгөөд бизнесийн орчныг сайжруулах, зах зээлд хувийн хэвшлийн оролцоог тэлэхийн тулд “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” боловсруулан хэрэгжүүлэх тухай Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал энэ үеэр онцоллоо.
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” нь бизнест учруулах төрийн хүнд суртлыг халах, бизнес эрхлэх эрх чөлөөг эрх зүйн хувьд баталгаажуулах, шударга өрсөлдөөн, тогтвортой орчныг бүрдүүлэх зорилготой юм.
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэн батална.
Эх сурвалж: Эдийн засаг, хөгжлийн яам