Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх аяныг Багануурт зохион байгуулна
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян”-ы хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ХАБЭМ-ийн үйлчилгээ авах боломжгүй алслагдсан аймаг, сум, дүүргийн ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнуудад болон энэ чиглэлд зарцуулах төсөв хөрөнгөгүй байгууллагуудад зориулсан сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд Багануур дүүрэгт энэ оны 11-р сарын 10-14-ний өдрүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулах гэж байна.
Дээрх ажлын хүрээнд 2025 оны 10 дугаар сарын эхний хагаст нийслэлийн Налайх дүүрэг, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад үйл ажиллагаа явуулдаг зорилтот бүлгийн аж ахуйн нэгж байгууллагын 220 гаруй ажил олгогч, албан хаагч, 260 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, ҮОМШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хяналтад байдаг 200 гаруй иргэнд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
Аяны хүрээнд ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна хөдөлмөрийн анагаах ухааны газрын эмч нарын багийн үзлэг, шинжилгээ хийгдэх юм.