Уул уурхайн салбарт ажиллаж буй залуучуудын оролцоо, дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх зорилготой “Уул уурхайн салбарын залуучуудын чуулган” зохион байгуулагдаж, салбарын 120 гаруй залуу инженер, техникч, мэргэжилтэн төлөөлөгчөөр оролцлоо.
Арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, , “Эрдэнэс Монгол” нэгдэл, Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк ХХК хамтран зохион байгуулсан юм.
Чуулганы нээлтэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үг хэлж, “Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийн хөдөлгүүр бөгөөд энэ салбарт ажиллаж буй залуучуудын мэдлэг, санаачилга, оролцоо нь тогтвортой хөгжлийн баталгаа юм. Энэхүү чуулганаар салбарын залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй ил, тод тодорхойлж, гарц гаргалгаа шийдэл эрэлхийлэх, зөв орчин нөхцөлийг бий болгох олон сайхан санал, санаачилга гарна гэдэг хүлээлт дүүрэн байна” гэлээ.
Тус чуулганд Ашигт малтмал, газрын тосны газар– Эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх илтгэл, “Эрдэнэс Монгол” ХХК – уул уурхайн салбарын залуучуудын цалин, хөлс, үнэлэмжийн асуудал, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци “Ирээдүйн инженер” сэдвээр, "Эрдэнэс ҮТП” ХХК – залуучуудын хөгжлийн стратеги, судалгааны дүнг танилцуулав.
МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Ирээдүйн инженер” хөтөлбөрийн талаар танилцуулж, Монгол Улсын эрдэс баялгийн салбарт өндөр ур чадвартай инженер, техникийн мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэж буйг онцлоод, 2024 оны 9 дүгээр сарын байдлаар дараах мэргэжлүүд хамгийн эрэлттэй байгааг дурдлаа. Үүнд,
-Хүнд машин механизмын оператор, Хүнд машин механизмын засварчин,
-Дунд болон урт хугацааны төлөвлөлтийн инженер,
-Усны инженер,
-Геологийн инженер
-Гүний уурхайн агааржуулалтын инженер
МУУҮА нь салбарын хүний нөөцийн чанар, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Future Engineers / Ирээдүйн инженер” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд энэхүү санаачилгаар дамжуулан ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж буй.