"Дэлхийн хуримтлалын өдөр-2025" аяны нээлт боллоо
3 Өдрийн өмнө
161
"Дэлхийн хуримтлалын өдөр-2025" аяны нээлт боллоо

“Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяны нээлт боллоо. Тус аяныг жил болгон зохион байгуулж ирсэн. Өнөөдөр Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо, арилжааны банкнууд, “Жэй Си Ай Прогресс” байгууллага,  “Банкс маркетплейс” болон арилжааны банкнууд хамтран аяны нээлтийг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор орон даяар эхлүүлж байна.

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийг дэлхийн улс орнууд “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон зохион байгуулдаг. Мөн энэхүү өдрийг угтан жил бүрийн аравдугаар сарыг хуримтлалыг сурталчлах сар болгож, өргөн хүрээнд сургалт, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлдэг билээ. Анх 1924 онд Италийн Милан хотоос эхлэлтэй тус арга хэмжээнд Монголын банк санхүүгийн байгууллагууд 2017 оноос  нэгдсэн юм.

Аяны үйл ажиллагаа нь хүүхэд залуучуудад түлхүү чиглэж, тэднийг санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлал хийх дадал хэвшилд суралцуулахад зорьдог. Санхүүгийн хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс сэргийлж банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тайлбарлан таниулах сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг бөгөөд тус үйл ажиллагаанд энэ жил банк, санхүүгийн байгууллагуудаас гадна боловсролын бодлогыг хэрэгжүүлдэг болон бусад төрийн бус байгууллагууд оролцож байна.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон хамтрагч байгууллагын төлөөллүүд оролцон хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын талаар илтгэл танилцуулж, “Би хуримтлалын талаар хэр мэдлэгтэй вэ?” сэдэвт уралдаанд шалгарсан сурагчдыг шагнаж урамшуулав.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.