Монголын уул уурхайн салбарт олон залуус ажиллаж, амьдарч явна. Тэд улс орны эдийн засгийн тулгуур салбарын өнгө төрхийг тодорхойлж буй. Энэ удаа бид "Уурхайчин" буландаа "Энержи Ресурс" компанийн Ухаа худаг уурхайн төлөвлөлтийн инженер Зоригбаярын Тамирыг онцолж байна. Ухаа худаг Монголын уул уурхайн салбарт шинэ стандарт авчирсан. Уурхайг харах, уул уурхайг төсөөлөх хэмжүүр болж, жишиг төслийн сайн жишээнд тооцогддог.
Үйлдвэрлэл, олборлолт, боловсруулалтаас эхлээд орон нутгийн харилцаа, байгаль орчин, нийгмийн хариуцлага гээд олон үзүүлэлтээр Ухаа худаг ялгардаг. 20 жилийн түүхтэй "Энержи Ресурс" 2500 гаруй ажилтантай.
24 настай З.Тамирын хувьд 1000 инженер хөтөлбөрт хамрагдаж Засгийн газрын тэтгэлгээр Япон улсад суралцаад ирсэн. Хилийн дээс алхаж шинэ эрдэм мэдлэг, шинэ соёл хөгжил сурч мэдээд, эх орондоо ирсэн. Дөнгөж л ажлын талбарт гарах гэж байгаа түүнд сонголт хийх шаардлага ирсэн. Энэ нь хаана ажиллах уу, тэр нь ямар компани байх уу... Өөрт байсан сонголтуудаас нийслэлээс 600 гаруй км зайтай "Энержи Ресурс" компанийн Ухаа худаг уурхайд ажиллах шийдвэрийг З.Тамир гаргаж, хэдийнэ эндээ жил гаруй ажиллаж, компани, уурхайн соёлд суралцаж явна.
Монголын анхны бүрэн хүчин чадлаараа ажилладаг нүүрс баяжуулах үйлдвэрт засварчнаар З.Тамир анх ажилд ороод гурван сарын дараа жинхлэх тайлангаар төлөвлөлтийн инженер болон дэвшжээ.
Ухаа худаг нь Байгаль орчин, ХАБ, эрүүл мэндийн ISO стандартыг хангасан Монголын анхны уурхай гэдгээрээ салбартаа зүүн магнай.
З.Тамир Увсын цэнхэр хязгаарт төрж өссөн. Увс аймгийн Улаангом сумынхаа Ерөнхий боловсролын 1-р дүгээр сургуулийг төгссөн. Түүнд уул уурхайн талаарх ойлголт бага суусан. Хожим уул уурхай руу хөтлөхөд багш нарын үг жин даржээ. Ажил, мэргэжлийн шинэ ур чадварт өдөр тутам суралцаж, улс орныхоо хөгжилд өөрийн ажлаа сайн хийж хувь нэмрээ оруулах нь түүний хувьд чухал. Уул уурхайн салбараа амжилттай хөгжүүлсэн Канад, Австрали шиг хүчирхэг эдийн засагтай улс болох бүрэн боломжтой гэдэгт З.Тамир итгэдэг. Үүний төлөө ажиллаж яваа уурхайчин.
Ирээдүйн ажил мэргэжлээ сонгож хараахан амжаагүй, эргэлзэж байгаа дүү нартаа өгсөн түүний зөвлөгөө "Инженер" мэргэжил байсан. Тус мэргэжлээр сурсан байхад алзахгүй шүү гэж З.Тамир итгэл дүүрэн хэлсэн. "Энержи Ресурс" компанийн ажилтан болсноор З.Тамир уул уурхайн талаар бүрэн дүүрэн ойлголттой болох, инженерийн ур ухаан, эрдэмд улам нарийн суралцах, багаар ажиллах ур чадвар эзэмших, цаашид өсөж хөгжихөд үндэсний компани илүү үр өгөөжтэй, туршлагатай олон шилдэг инженерүүдтэй хамт ажиллах нь түүний хэт ирээдүйн үйл хэрэгт их тус дэм болно гэж үзжээ.