Говийн бүсийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах шинэ шатны хамтын ажиллагааг эхлүүллээ
Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгтэй уялдуулан “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Оюу толгой” ХХК болон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” хамтран Говийн бүсийн хөгжлийн талаарх хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан батламжлав.
Хамтын ажиллагааны хүрээнд “Оюу толгой ордыг ашиглах тухай Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дөрөвдүгээр бүлэг, “Байгаль орчин, нийгэм, засаглалын Түншлэлийн гэрээ”-нд тусгасан чиглэлээр Говийн бүсийн хөгжлийг дэмжих тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах “Оюу толгой” компанийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилт тавьж буй юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Говийн бүс болон орон нутгийн хөгжлийн төвүүдийг хөгжүүлэх ТЭЗҮ, хөгжлийн хөтөлбөр боловсруулах;
- Малчдын шинэ төрлийн хоршооны загварыг боловсруулж, туршилтаар хэрэгжүүлэх;
- Иргэд, оролцогч талуудад инновац, технологид суурилсан мэдээлэл, оролцооны системийг нэвтрүүлэх;
- Технологи, Big Data, хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага, шийдвэр гаргалтыг бэхжүүлэх;
- Аймгуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллийн системийг бий болгох;
- Хууль, бодлогын уялдааг хангаж, бүсчилсэн хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэг ажлуудыг хамран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.