Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх намрын чуулганд өргөн барина
5 Өдрийн өмнө
70
Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх намрын чуулганд өргөн барина
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллийн тэгш оролцоог хангасан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дэргэдэх орон тооны бус бодлогын зөвлөл анхны хурлаа хийлээ.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, судлаачид болон оролцогч талуудын төлөөлөл багтаж буй бөгөөд эхний хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Манай зөвлөлийн өмнө хоёр чухал зорилт байна. Нэгдүгээрт, олон жил яригдсан Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх намрын чуулганд өргөн барих бэлтгэлийг АҮЭБЯ-аас хангаж байна. Шинэчилсэн найруулга бус, нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр оруулах нь зүйтэй гэсэн бодлогыг барьж байгаа.
Хоёрдугаарт, Ашигт малтмалын хуулийн өөрчлөлттэй уялдан Үндэсний баялгийн сан, Биржийн тухай хууль зэрэг бусад хууль, бодлогын асуудлууд цогцоор яригдана. Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүдийн санал бодлыг авч, АҮЭБЯ-аас байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран, УИХ-ын намрын чуулганд хуулийн төслийг өргөн барихад шуурхай хамтран ажиллах шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Мөн хуралдааны үеэр цаашид Аж үйлдвэржилтийн тухай хууль болон Уул уурхайн салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах асуудлыг тус зөвлөлийн гол үүрэг болохыг онцлон тэмдэглэв.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.