О.Өлзий-Од: Нарийн ширхэгтэй тоостой ажлын орчинд тоосны хэмжилт, үнэлгээ, хамгаалах хэрэгслийг орхигдуулж болохгүй
14 Цагийн өмнө
201
 О.Өлзий-Од: Нарийн ширхэгтэй тоостой ажлын орчинд тоосны хэмжилт, үнэлгээ, хамгаалах хэрэгслийг орхигдуулж болохгүй
-Ажлын байрны орчинд үүсэж буй тоосжилт нь ажилчдын эрүүл мэндэд шууд хохирол учруулж буй гол эрсдэлүүдийн нэг хэвээр байна-
Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн хүмүүс энгийн хүмүүсээс дунджаар 8.5 жилээр богино насалдаг нь судалгаагаар тогтоогдсон. Иймд төрөөс ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тусгай техникийн зохицуулалтыг баталж, энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байна. Ажлын байрны тоосны өртөлтийн талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Өлзий-Одтой ярилцсан товч ярилцлагыг хүргэж байна.
 
-Ажлын байрны тоосны өртөлт гэж юу вэ?
 
-Ажлын байрны тоосны өртөлт нь хамгийн түгээмэл төдийгүй хамгийн өндөр эрүүл мэндийн эрсдэл дагуулдаг хөдөлмөрийн эрүүл ахуйн хүчин зүйлсийн нэг гэж үздэг. Учир нь энэхүү өртөлт нь ихэвчлэн нүдэнд үл үзэгдэх, микрон хэмжээтэй, нарийн ширхэглэгтэй тоос хэлбэрээр орчны агаарт тархсан байдаг тул ажилтнууд тухайн орчныг “агаар сайтай, цэвэрхэн мэт” эндүүрэн, хамгаалалтын арга хэмжээг хангалтгүй авч хэрэгжүүлэх хандлага түгээмэл ажиглагддаг. Гэвч энэ төрлийн жижиг тоосны ширхэгүүд нь хамар, залгиур зэрэг дээд амьсгалын замаар шүүгдэлгүйгээр уушгины цулцанд шууд нэвтэрч, улмаар амьсгалын замын архаг үрэвсэл, уушги тоосжих өвчин, цаашлаад зарим тохиолдолд хавдар зэрэг амь нас, хөдөлмөрийн чадварт шууд хохирол учруулах өвчнүүдийн шалтгаан болдог.
 
-Тоосны ширхэгийн хэмжээ хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
 
-Тоосны ширхэгийн хэмжээ бага байх тусам хүний амьсгалын замд илүү гүн нэвтэрч, хор хөнөөл нь улам ихэсдэг гэж ойлгох хэрэгтэй. Том ширхэгтэй тооснууд бол хамар, залгиурт шүүгдээд үлддэг бол 10 микрометрээс бага ширхэгтэй тоос гуурсан хоолойд дамжин үрэвсэл үүсгэж эхэлдэг. 4 микрометрээс жижиг хэмжээтэй буюу нарийн ширхэгтэй тоос нь уушгины цулцанд нэвтэрдэг ба зарим тохиолдолд цусны эргэлтэд нэвтэрч бүх биеийг хордуулах эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тоосны ширхэг жижиг байх тусам амьсгалын эрхтэн тогтолцоонд хуримтлагдах, архаг өвчин, хавдарт өртөх зэрэг эрсдэл дагуулдаг. Иймээс нарийн ширхэгтэй тоостой ажлын орчинд тоосны хэмжилт, үнэлгээ, хамгаалах хэрэгслийг орхигдуулж болохгүй.
 
-Монгол Улсад тоосжилттой холбоотой мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?
 
-Монгол Улсад мэргэжлээс шалтгаалсан өвчин нь өнөөдөр ч хөдөлмөрийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна. 2025 оны 2-р улирлын байдлаар улсын хэмжээнд 2128 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тэтгэвэр авч байгаа бөгөөд үүний 51% нь уушги тоосжих өвчин буюу ажлын байрны тоосжилтод өртсөний улмаас мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн хүмүүс байна.
 
Хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны 82% нь эрэгтэй ажилчид байгаа нь ихэвчлэн аж үйлдвэр, уул уурхай, барилгын салбар гэх мэт тоосжилт ихтэй орчинд эрэгтэйчүүд илүүтэй ажилладагтай холбоотой. Энэ нь хөдөлмөрийн эрүүл мэндийн удирдлага, тоосжилтыг багасгах инженер, техникийн шийдлийг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
 
-Ажлын байрны тоосны өртөлттэй холбоотойгоор төрөөс ямар бодитой арга хэмжээ авч эхэлж байгаа вэ?
 
-Өнөөдрийн байдлаар ажлын байрны орчинд үүсэж буй тоосжилт нь ажилчдын эрүүл мэндэд шууд хохирол учруулж буй гол эрсдэлүүдийн нэг хэвээр байна. Ийм нөхцөл байдалд төрийн зүгээс бодитой арга хэмжээ авах шаардлага тулгарсан бөгөөд үүний хүрээнд “Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт”-ыг шинээр баталж, 2025 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн нь энэ чиглэлд хийгдэж буй томоохон шинэчлэл гэж харж байна. Энэхүү зохицуулалтаар ажил олгогчид агаарт агуулагдах тоосны хэмжээ стандартын түвшинд байгаа эсэхийг тогтмол хэмжиж, тодорхойлон эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хяналтын арга хэмжээ буюу инженер, технологи, удирдлага зохион байгуулалт, хувь хүнд чиглэсэн арга хэмжээг авах үүргийг хүлээнэ.
 
Мөн төрийн байгууллагуудын хяналтын үйл ажиллагаа илүү нарийвчлалтай болж, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчлийг бууруулахад ахиц гарна гэж үзэж байна.
 
-Тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалах талаар ямар хууль, стандартыг мөрдөх шаардлагатай вэ?
 
-Манай улсад Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалах стандартууд мөрдөгдөж байна. Эдгээрийг мөрдөх нь ажил олгогч, ажилтан хоёрын хамтын үүрэг юм. Тухайлбал, Ажлын байранд эрдсийн тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалахад тавих ерөнхий шаардлага MNS 6658:2017 стандартад заасны дагуу инженер, технологийн дэвшилтэт арга хэмжээ, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ, хувийн хамгаалах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
-Та ажлын байрны тоосны өртөлтөд өртдөг ажилтнуудад ямар зөвлөмж өгөх вэ?
 
-Ажилтан өөрөө хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж хэвших, эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдалд хариуцлагатай хандах хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь чухал.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.