Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Н.Учралыг томиллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилохдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзжээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, Засгийн газрын дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлыг давхар хариуцуулан гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ням-Осорын Учралыг томиллоо. Түүний боловсрол, намтарыг танилцуулж байна.
БОЛОВСРОЛ
- 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
- 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
- 2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр
- 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
- 2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр
- 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
- 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
- 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
- 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
- 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
- 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
- 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
- 2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга