Д.Амарбаясгалан: Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харах шаардлагатай байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс дараах эшлэлүүдийг онцолж байна.
- Гадаад орчны тодорхой бус байдал намдахгүй харин ч улам ээдрээтэй болж байгаа өнөө үед эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах асуудал өнөөдөр тэргүүн зэргийн ач холбогдолтой байна.
- 2025 оны эхний 4 сарын байдлаар түүхий эдийн үнийн уналтаас нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 1,2 тэрбум ам.доллараар буурсан нь төсөвт дарамт учруулаад зогсохгүй урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна.
- Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харах, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх гарц гаргалгаа гаргаж, гадаад, дотоод эдийн засгийн орчин, нөхцөл байдалд нийцсэн төсвийн бодлогыг тодорхойлж Улсын Их Хуралд хэлэлцүүлэх шаардлагатай байна.
- Иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ бодит орлогыг бууруулахгүй байхын тулд, амьдралынх нь чанарт хамгийн ихээр нөлөөлж байгаа үнийн өсөлтийг хазаарлаж, нам дор түвшинд тогтворжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
- Ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих ажлыг тогтвортой хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
- Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн хүүгийн дарамт бодит ачаа болсоор байна. Зээлийн хүүг бууруулах чиглэлд дорвитой бодлого хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлийн хүүг эрүүл, зохистой түвшинд авчрах нь эдийн засгийн идэвхжлийг сэргээхэд тус дэм болоход чухал нөлөө үзүүлнэ.
- Гадаад эдийн засгийн тодорхой бус байдлаас үүдэлтэй түүхий эдийн үнийн бууралт нь урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг шат дараатай бууруулж төгрөгийн ханшийг тогтворжуулах нь тулгамдсан асуудал болоод байна.
- Гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, экспортын бүтцийг төрөлжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
- Монгол Улсад 108 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний зүгээс татварын дарамттай холбоотой санал, хүсэлтүүд ихээр ирж байна. Иймд Засгийн газрын зүгээс татварын реформыг оновчтой хэрэгжүүлэх, прогрессив татварын тогтолцоог бий болгох, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дарамтгүй, таатай нөхцөлд ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих чухал алхам болно.
- Дотоодын аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэх боломжтой ажлуудыг гадаадын компаниудад шилжүүлдэг алдаатай жишгийг зогсоох цаг болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих, тэдэнд өрсөлдөх, хөгжих орон зайг бий болгох нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурь юм.
- Сүүлийн жилүүдэд эрчим хүчний чадлын дутагдал байнга үүсэж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээнд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, 1965 онд байгуулагдсан Дулааны III цахилгаан станцын хүчин чадал хуучирч, саяхан болсон осол нь шинэчлэл, засварын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатайг харуулж байна. Ирэх намар дулааны улирлаас өмнө тус станцын шинэчлэлийг шуурхай хийж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээг хангах нь нэн тэргүүний зорилт байх ёстой.