Орхон аймгийн зүүн гурван замын уулзвараас Хялганат хүртэлх авто замыг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж, нийт 64 километр автозамыг Булган аймгийн Орон нутгийн өмчид хүлээлгэн өгчээ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан, хөрөнгө оруулсан Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлд авто зам тавих гурван багц бүхий уг төслийн Эрдэнэт хотын тойрог уулзвараас Хангалын гүүр хүртэлх 30 км замыг “Замын битум” компани, Хялганат тосгоны гүүр хүртэлх 23,6 км авто замын ажлыг “Хурдны зам” компани тус тус гүйцэтгэжээ. Харин “Жавхлан харгуй” компани “Сэлэнгэ” амралтын бааз чиглэлд тавьсан технологийн 10,4 км авто замын ажлыг хариуцан хийсэн байна. Эдгээр компаниуд 2026 он хүртэл уг замд баталгаажуулалт гарган өгсөн аж. Түүнчлэн, шинэ зам нь бетон суурьтай, асфальт хучилттай учраас маш сайн чанарын авто зам болохыг мэргэжилтнүүд онцолжээ.