Тэд өвлийг үзэх гэж, харин бид өвлийг давах гэж...
7 Өдрийн өмнө
579
Тэд өвлийг үзэх гэж, харин бид  өвлийг давах гэж...
-Аян замын тэмдэглэл-
 
...Умард зүгийг чиглэн явна. Тэртээ дор дун цагаан тал гялбалзан цайвалзаж, үүлэн хөшиг үе, үе дайран өнгөрнө. Бараан газар үгүй агаад цасан цагаан дайд зах хязгааргүй үргэлжилнэ. Хүний сэтгэл ийм уудам байдаг байх гэж бодно. Ийм бодол алсарч амжаагүй байхад Харбин хотноо газардлаа. Жанцанноров гуайн алдарт “Цагаан суварга” эгшиг татна.
 
Гэгээ тасрахын өмнө тусгай үүргийн онгоц Улаанбаатараас бууж, удахгүй эргээд эх нутгийн зүг нисэх цагаа хүлээнэ. Ерөнхий сайдыг авч буцах унаагаар бид ирсэн хэрэг л дээ. Дөнгөж өчигдөр энд Монгол, Хятадын том хэлэлцээрийг үзэглэж, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төслийг эхлүүлсэн. Үүний сүр дуулиан намжаагүй, уур амьсгал ч сарниагүй хамаг юмс халуухан, баярын хундага ч дундраагүй байх цагаар хүйтнээс хүйтэнд ирэв ээ, бид.
 
Ирж байгаагүй Харбин хот өвлийн жавартайгаа угтлаа. Тал нутгийн хүйтэн салхи хавирга нэвт үлээх мэт жиндүүлж байна. Манайх, танайх бараг адилхан гэж энэ газрын хүн нь хэлж байна. Азийн өвлийн спортын 9 дэх наадам энд дөнгөж л өндөрлөж, тамирчид орон орны зүг буцах цагаар нь бид очиж таарсан юм. Онгоцны буудал өвлийн наадмын чимэг нэмжээ.
 
Харбин хот Азийн өвлийн наадмыг 29 жилийн дараа хоёр дахь удаагаа хүлээн авч, том ажлын ард сая ийнхүү гарсан байна. Урд хөрш маань гурав дахь удаагаа энэхүү наадмыг бие даан зохион байгуулж, өөрийн хөгжлийн бяр чадал, сүр хүчээ дэлхий нийтэд гайхуулжээ.
 
Манай орны баг тамирчид тус наадамд түүхэндээ байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, амжилтаа ахиулсан гэсэн мэдээ наашаа нисэхэд цахимд гарсан байсан.
 
Харбинд нар эрт мандаж, эрт жаргадаг. Харанхуй нөмрөх алдад Харбины төв дундуур хөнгөн тэрэг хөвөх мэт урагшилна. Өвлийн аялал жуулчлалд хөрөнгө хүч ихээр хаяж, жилээс жилд хүлээж авах жуулчдын тоо нь өсөн нэмэгдэж буй Харбинд “Цас мөсний ертөнц” үзэсгэлэн олны хүртээл болж, түмний нүдийг баясган хужирлаж байна. Өвлийг өөрийн болгох гэж өмнөд хөрш эртнээс л шийджээ.
 
Өвлийн улиралд сүндэрлэн босдог мөсөн хотхондоо орон орны түүх, дурсгал, онцлог шингээсэн уран барилга, өв соёлын сэжүүртэй бүхнийг өөгүй сайхнаар цутгасан мэт сийлж, өнгө гэрлээр давхар, давхар амьдруулжээ. Үүнийг үзэх гэж түмэн газрын улс тал талаасаа энд ярьж хэлэлцсэн мэт ирдэг юм байна. Тийм болохоор “Цас мөсний хот” гэж цол гуншин Харбин зүүжээ. Хотын дундуур нь метро, хурдан галт тэрэг умрын салхийг хөгжөөж, улсын хөгжлийг тодруулна.
 
Харбинд анхны төмөр зам 1896 онд тавигдсан бөгөөд энд ирж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он удаан жил яригдсан мухар төмөр замыг холбох төслийг хөдөлгөх хэлэлцээрийг Хятадын талтай байгуулсан нь бас л сонин учрал тохиол байв. Төмөр замаа дагаж Харбинд гадаад худалдаа урьд зуунд цэцэглэж, Хятадын худалдаа наймааны үндсэн гол төвүүдийн нэгээр нэрлэгдэн өргөжин тэлжээ.
 
“Цас мөсний ертөнц” мөсөн хотхон нь шөнө илүү үзэсгэлэнг олж, түмэн газрын улс энд өвлийн жаврыг үл тоон зураг хөрөг болж, хотхон дотроо олон цагийг үзэж харахад зориулдаг юм байна. Завтай явсансан бол тунгалагшин болорших мөсөн ертөнц дундуур мөрөө ганзагалан мөн удаан явах байлаа. Үзэх юм энд даанч их юм. Мөсний урлаг гэдгийг уран дархны нүдээр улам яруу тод цоолдон харуулжээ.
 
Бага Хянганы нурууны зүүн хормойгоор нутаглаж, түмэн хун чуулсан Сунгаар мөрний хөвөөн дэх Харбин нь зундаа өмнө зүг шигээ хөлс урсгам халдаггүй. Тийм болохоор халуунаас хүн зугтахгүй. Зүүн хойд Хятадын Хармөрөн мужийн төв болсон Харбинд хэдхэн цагийг бид өнгөрүүлж, газрын тосны өлгий нутаг Дачин хотыг зорив.
 
Харбин гэдэг нь эртний Зүрчид аймгийн хэллэгээр "Хун шувуу" гэсэн үгнээс гаралтай юм байна. Дачин хот хүртэл хоёр цагийн газар байгаа гэнэ. Харанхуйг ханзлан бидний унаа улам хурдална. Ард үлдэх Харбин эртний хот. Түүхэндээ том гүрнүүд эрхшээн сууж, эзлэн түрэмгийлж байсан онцгой бүс. Хүйтэн учраас өвлийн улиралд утаа, агаарын бохирдол бас яригдана. Бээжингээс урагш суугаа Хятадууд өвлийг үзэх гэж, цас мөсний ертөнцийг мэдрэх гэж Харбинд ирдэг юм байна. Харин бид өвлөөс дүрвэн өмнөд зүгийг зорьдог болж эхэлсэн. Өвөл гэхээр л Улаанбаатарт утаа, агаарын аймшигтай, аюултай их бохирдол, ханиад томуу л хамгийн түрүүнд бидний бодлыг зовоодог болж таарсан. 
 
2025 он, УБ-Харбин-Дачин-Бээжин-УБ, томилолт,
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.