Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн санаачилгаар МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Судалгааны баг "Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр: Төлөв, чиг хандлага" сэдвээр тус судалгааг боловсруулж, гарсан үр дүнгээ Уул уурхайн сэтгүүлчдийн клубт танилцууллаа. Уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт нь сүүлийн 15 жилийн хугацаанд 2,5 дахин өсжээ.
Аймгуудын түвшинд авч үзвэл, уул уурхайн салбар дахь хөдөлмөр эрхлэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх чиг хандлага ажиглагджээ. Нийслэл болон уул уурхай голлосон аймгуудын хөдөлмөр эрхлэлтийн бүтэц ихээхэн өөрчлөгдсөн байна. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэлт 2009 онд 10 хувийг эзэлж байсан бол 2023 онд 13 хувийг эзэлж, 15 жилийн хугацаанд 3 пунктээр дээшилжээ.
Тодруулбал, Орхон аймгийн хэмжээнд уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт нь 2009 онд 19 хувийг эзэлж байсан бол 2023 онд 26 хувьд хүрч, нийт хөдөлмөр эрхлэлтийн дөрөвний нэгийг хангах болжээ. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэлтийн эзлэх хувийн жин 2009 оноос хойш өсөх хандлагатай байсан ч 2023 онд эргээд буурч эхэлсэн байна.
Газар тариалан тэргүүтэй хөдөө аж ахуйн салбар давамгайлсан Сэлэнгэ аймаг дээрх харьцаа дараах байдлаар гарч байна. Уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт нь 2009 онд 9 хувийг эзэлж байсан бол 2023 онд 13 хувьд хүрч, 15 жилийн хугацаанд 4 нэгж хувиар дээшилжээ. Харин хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлт 2009 онд 56 хувийг эзэлж байсан бол 2023 онд 31 хувийг эзлэх болж, 25 нэгж хувиар эрс буурчээ.