Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг шинээр ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн онцлох илтгэлийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэлцүүлсэн юм.
Монгол Улс Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 33 байраар урагшилж, 97 дугаар байрт орсон төдийгүй цаашид Ази Европыг холбосон транзит улс болохыг зорьж байна. Салбарын сайдын илтгэлд гарсан онцлох мэдээллийг тоймлон хүргэв.
- Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо.
- Гашуунсухайт боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 320 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна.
- Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг шинээр ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
- Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт импортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комисстой хамтран судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
- Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай.
- Цар тахлын өмнө манай улсын олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 6,900 км байсан бол 2023 оны эцэс гэхэд 8,100 км хатуу хучилттай авто замтай болохоор байна.
- Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн оруулж Ази Европыг холбосон авто замын 2 дахь коридороо нээлээ.
- ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
- ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм. Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг- Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина.
- Монгол Улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг Та бүхэнд санал болгож байна. Энэ хүрээнд бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” болон “барих-ашиглах-шилжүүлэх” төрлүүдээр концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаад байна.
- Төслүүд хэрэгжсэнээр, Олон улс, улсын чанартай авто замын сүлжээний 80% нь хатуу хучилттай болно. Хатуу хучиллтай авто замаар нийт 21 хилийн боомт холбогдоно. Олон улсын авто замын сүлжээнд 5 коридор бий болно.
- Олон улсын автотээврийн харилцааны хэлэлцээрийг 24 улстай байгуулна.
- Монгол Улс далайн 6 боомттой холбогдох боломж бүрдэнэ.
- Монгол Улсын хилийн боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, 2030 он гэхэд 120 сая.тн ачаа автотээврээр тээвэрлэх боломж бүрдэнэ. Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа тээвэрлэлт 40 хувиар өснө.