Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэлсэн билээ. Түүний хэлсэн үгийг тоймлон онцлох ЭШЛЭЛ-ийг танилцуулж байна.
- 2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, 2024 онд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй өсөлт боловч цаашид эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна.
- Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
- 2012 оноос хойш OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж төрийн өмчит нийт компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна.
- Энэ хууль батлагдсанаар Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах шаардлагыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” нэгдэл байдлаар зохион байгуулагдаж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээ сайжирна.
- OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй бол нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна. Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна.
- Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн хувьд ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй төрийн өмчит компаниудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад компанийг энэ хуулиар өөрчлөн зохион байгуулна.