Ерөөгөөс Имарт хүрсэн "Жимсүүхэй"
Ерөөгөөс Имарт хүрсэн "Жимсүүхэй"
-Д.Батчимэг: Өрхийн орлогоо нэмэгдүүллээ, ногоо тарих шинэ ур чадварт суралцлаа, хамт олонтой ч боллоо-
 
Сэлэнгэ аймгийн Ерөө сум газар тариалан, хөдөө аж ахуйн өлгий нутаг. Алдар суугаа мандуулсан олон, олон Хөдөлмөрийн баатар тус сумаас төрөн гарсан. Хөдөлмөр зүтгэлээ төр улсдаа үнэлүүлсэн хүндтэй эрхмүүдийн олонх нь хөдөө аж ахуй, түүний дотор газар тариалангаар овоглодог. Энэ газар орон байгаль цаг уурын нэн таатай бүс төдийгүй үржил шимт хөрсөөр арвин.
 
Олон голын ай савд орших Ерөөчүүдийн эрхлэх өрхийн аж ахуй газар тариалантай салшгүй холбогджээ. Ахуй байдал нь нэн ажилсаг улс юм аа. Эрчимжсэн болон бэлчээрийг мал аж ахуйг тэд хослон хөгжүүлж, атар газар эзэмшээд зогсохгүй хүлэмжийн аж ахуйг гаргуун  өөрийн болгож явна. Өөдөлж яваа айл үүднээсээ л гэдэг. Энэ үгээр зүйрлэх юм бол тэдний ахуй амьдрал газар ээж, таван хошуу малын буянаар ихээхэн тэтгэгдэн байх аж. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаар Азийн хөгжлийн банкны ээлжит хэвлэлийн аян үргэлжилсэн юм. 
 
Монгол Улстай түншлэн, 30 гаруй жилийн баялаг түүхийг бүтээлцсэн, тэр тусмаа хөгжлийн туслалцааг хамгийн ихээр үзүүлсэн Азийн хөгжлийн банк нь "Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл"-ийг дөрвөн аймагт хэрэгжүүлсэн байна. Үүний нэгээр Сэлэнгэ аймгаас Ерөө сум сонгогджээ. Энэхүү төсөлд Увс аймгийн Улаангом, Дархан-Уул аймгийн Орхон, Төв аймгийн Борнуур сум тус тус хамрагдсан байна.
 
Ерөө сумаас энэхүү төсөлд "Ургац Ерөө" хоршоо нэгджээ. Хорших, нэгдэх, хамтрах, баг болохын давуу талыг тэд мэдэрч, үр шимийг нь хүртэж эхэлсэн байна. Хүний нөөц, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүсэл мөрөөдлөө ч тэд нэгтгэн хуваарилж, өнөөдрийн ололт, амжилтаа бидэнд хуваалцсан юм. Төслийн хүрээнд өвлийн хүлэмж, 100 тонны багтаамжтай хамтын эзэмшлийн хүнсний ногооны хадгалах зоорь баригдсан байна.
No description available.
Хэвлэлийн аяны багаараа бид өвлийн хүлэмж болон хүнсний ногооны агуулахтай танилцсан юм. Тариаланчдын хувьд ногооны агуулах зоорь, өвлийн хүлэмж гэдэг нэн чухлаар тавигддаг. Олон жил яригдаж ирсэн, салбарын хэмжээнд ч шийдэл эрдэг сэдэв бол агуулах зоорь, өвлийн хүлэмж байдаг. Ерөө сумын хувьд 260 гаруй хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг өрхтэй бөгөөд төсөлд үүнээс 71 нь хамрагдсан байна.
Сонирхуулахад, Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад үзүүлсэн 30 жилийн дэмжлэгийн 19 хувийг хөдөө аж ахуй, байгалийн баялаг, орон нутгийн хөгжил рүү хүрсэн санхүүжилт эзэлдэг юм билээ. 19 хувь гэдэг бусад салбартай харьцуулахад хамгийн өндөр дүн. 
 
"Ургац Ерөө" хоршооны тэргүүлэгч гишүүн Д.Батчимэг 2008 оноос газар тариалангийн салбарт бүл нэмжээ. Түүний хувьд төмс, хүнсний ногоо анхлан тариалж, хожим нь хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж эхэлсэн байна. Одоо хоёр ч хүлэмжтэй бөгөөд нэгийг нь төслийн дэмжлэгтэйгээр нөөц боломжоо ийнхүү нэмэгдүүлжээ. Хоршооныхоо эгнээнд 2021 онд нэгдэж, энэ цаг үеэс төслийн үр өгөөжийг бүрэн хүртэж эхэлсэн байна. Сургалтад хамрагдаж ур чадвар, мэдлэг мэдээллээ ч ахиулаад зогсохгүй салбар дотроо нэгэн шинэ хамт олонтой болжээ.
No description available.
Д.Батчимэг "Хамтын хүч гэдэг газар тариалангийн салбарт, тэр тусмаа хавар ногоо тариалах болон намар нь хураах цаг үед маш их. Үүнийг хэмжээлшгүй. Бид нэг нэгнээсээ суралцаж, туршлагаа хоорондоо солилцож байна. Зөвхөн хоршоо дотроо бус төсөл хэрэгжиж буй бусад аймаг, сумын хоршоотой холбогдож, харилцан хөгжиж байна" хэмээн АХБ-ны төслийн үр дүнг үнэлсэн юм.
 
Төмс, хүнсний ногооноос гадна сүүлийн жилүүдэд хүлэмж дотор тариалж болохуйц нарийн ногоог Д.Батчимэг дурлан тариалах болсон байна. Ченжүү, навчит ногоо, улаан лооль гээд олон төрлийн ногоог зах зээлд нийлүүлж эхэлжээ. Өрхийн орлогын эх үүсвэр нь баталгаажиж, тариалах ногоо нь төрөлжиж, жилээс жилд амьжиргаанд ихээхэн түшиг тулгуур болж байгааг тэрээр хэлж байсан юм. 
No description available.
"Ургац Ерөө" хоршоо 2021 оны байдлаар 42.5 га ил талбайд, 2398 метр.квадрат хүлэмжид төмс, хүнсний ногоо болон төрөл бүрийн нарийн ногоо тариалж иржээ. Хоршооныхон бүлгээрээ "жимсүүхэй" нэртэй улаан лоолио Улаанбаатарын томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулж, зах зээлээ тэлэх, тариалалтаа нэмэгдүүлэх урам зориг авчээ. 
No description available.
Манай нийтлэлийн зочин Д.Батчимэг "Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжсэнээр бидний ажил, амьдралд их тус нэмэр болсон. Ногоо тариалах боломж, нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн. Тоног төхөөрөмжтэй ч болсон. Өвлийн хүлэмжтэй боллоо. Эхний жилээ бид хүлэмж дотроо урт сортын огурцы тариалсан. Маш сайхан ургасан" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм. 
 
 "Хавар үрсэлгээгээ хийж, дараа нь ногоо соёолж эхлэх үе, цэцэг нь гарах мөч гээд энэ бүхэн сэтгэлд их өег байдаг. Намар нь хөдөлмөр, сэтгэл шингэсэн ногоогоо хураах үе бол бидний хувьд баяр жаргал" хэмээн Д.Батчимэг өгүүлсэн юм. Түүний хувьд Ерөө нутагт Азийн хөгжлийн банкны төсөлд хамрагдсан олон өрхийн эзэгтэй нарын нэг. 
 
"Манай хөрс эрүүл, зөөлөн, элдэв химийн бордоо, бодис бид ашигладаггүй. Жинхэнэ органик л гэж хэлнэ. Хүнсний аюулгүй байдал маш чухлаар тавигдаж байгаа энэ үед  ногооны чанар маш чухал. Ногоо сайн хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ч тустай. Хоол хүнсний гол орц бол ногоо шүү дээ" хэмээн Д.Батчимэг нэмж хэлсэн юм.
 
Энэ жилийн ургац хэмээн танилцуулах "Ургац Ерөө" хоршооны хамт олон шинэ ногоогоо даршилж, савлаж эдийн засгийн эргэлтэнд оруулж, ашиг шимийг нь хүртэж байна. Ширээ дүүргэн тавьсан намрын ногоо, жимс өнгө алаглана. Бичил үзэсгэлэн, амталгааг хүлэмжнийхээ дэргэд тэд ийнхүү зохион байгуулж, иж бүрнээр ажлаа тайлагнасан юм. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.