Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан "Тавантолгой түлш" компани уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидний зорилт-2024” сарын аяныг өнөөдөр эхлүүллээ. Аянаар бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд шахмал түлшний чанар стандартын талаар танилцуулга мэдээлэл өгөх, компанийн ажилтан бүр бүтээгдэхүүний чанарт шууд болон шууд бусаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, бүх шатны ажилчдад чанарын тухай ойлголт өгч, мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чиглэж байна.
Тус аяныг нээж Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ХАТЗГ-ын дарга Ц.Лхагвасүрэн “Аливаа нэг албан байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний гол үзүүлэлт бол чанар байдаг. Энэ чанар хаана хэрэгждэг вэ гэвэл хувь хүний сэтгэл шингэсэн тэр орон зайд л хэрэгждэг. Нийслэлийн хэрэглэгчдийг чанартай түлшээр хангаж, аятай тухтай өвөлжүүлэх нь зөвхөн Чанар, борлуулалтын газрын ажил биш. Компанийн ажилтан нэг бүрийн хүчин зүтгэл, сэтгэл хамгийн чухал билээ. Зорилтот өдөрлөг маань зөвхөн компанийн ажилчдын цар хүрээнд бус, хамтран ажилладаг Аж ахуй нэгж байгууллагууд, нийслэлийн хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн, өмнө хийгдсэн ажлуудаас нэг шат ахисан үр дүнтэй арга хэмжээ болоосой гэж хүсэж байна” гэв.
Мөн аяны хүрээнд шахмал түлш хэрэглэгчдээс түлштэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, цаашдын бодлого шийдвэртээ тусгаж ажиллана гэдгийг Чанар, борлуулалтын газрын дарга Г.Ундармаа онцолсон юм.
Аяны хүрээнд үйлдвэр, цех, хамт олны дунд идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор
- Нийт цехүүдийн дунд шагналт уралдаан
- Миний мэдэх сайн түлш гэрэл зургийн уралдаан
- Чанар Кап холимог гар бөмбөгийн тэмцээн
- “ХАБЭА”-ын сургалт
- Хувь хүний хөгжлийн сургалт
- Чанар стандартыг нэвтрүүлэн, хэрэгжүүлэхтэй холбогдуулан онол арга зүйн сургалт
- Шахмал түлшний стандарт зөв хэрэглээг сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд чанарыг хэрэгжүүлэгч шилдэг цех, ажилтан, хяналтын ажилтанг шалгаруулж Чанарын хяналтын хэлтсийн нэрэмжит шагналаар шагнах аж.