Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок ашиглалтад орлоо
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок ашиглалтад орлоо

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын цахилгаан станц ашиглалтад орж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Улаанбаатар хот анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд босгож тус станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.

Хамтарсан Засгийн газар хөгжлийн 14 мега төслийг зарлаж, эдийн засгаа 2 дахин тэлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн гурван жилд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч ажилласан. Харин ирэх дөрвөн жилд эрчим хүчний реформд анхаарч 14 мега төслийн дийлэнхийг уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ том ажлын эхлэл Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн Эрчим хүчний яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Бодь” групп, “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий 4 блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок 2025 оны 10 дугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орно. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангана. 1,040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болно.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.