Монгол Улсад анхны ЮНЕСКО-д бүртгэлтэй геопарк байгуулах төслийг нээлээ
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болон Рио Тинто групп хамтран "ЮНЕСКО-гийн соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" төслийн хүрээнд Монгол Улсад анхны ЮНЕСКО-д бүртгэлтэй геопарк байгуулах ажлыг эхлүүллээ.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү хамтарсан төсөл нь соёлын өвийн дурсгалт газруудыг хадгалан хамгаалах, тогтвортой аялал жуулчлалын үйл ажиллагааг сурталчлах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготойгоос гадна энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага туршлага, нөөц бололцоогоо ашиглаж Монгол Улсад анхны геопарк байгуулах, улмаар геологийн шинжлэх ухааныг дэмжих юм.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар оролцож үг хэллээ.
Нээлтийн үеэр "Рио Тинто Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал "Энэ төслийн үр дүнд Өмнөговь аймаг дахь үлэг гүрвэлийн мөрт Шар цавын олдворт газар, Ханбогдын массив, Дэлхийн энергийн төв гэгдэх Дэмчогийн хийд зэрэг Монгол Улсын геологи, палеонтологи, соёлын чухал өвүүдийг багтаасан газар нутгууд дэлхийд данслагдаж, дэлхийн шилдэг зэсийн уурхайтай зэрэгцэн орших боломж бүрдэх юм” хэмээн онцлов.