-Аав, ээж минь байсан бол сайхан байж дээ гэж бодогддог юм билээ-
Бид энэ удаагийн зочноороо Монгол Улсын Гавьяат уурхайчин, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ил уурхайн анхны монгол гагнуурчин Найдангийн Чулуунгэрэлийг урьж, ярилцлаа.
-Та уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат уурхайчин хэмээх эрхэм алдар цолыг хүртсэн. Гавьяат уурхайчин цол хүртсэн тэр баярт мөчийнхөө сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Би 2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр, Уул уурхайн 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчөөс Монгол Улсын гавьяат уурхайчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Энэ эрхэм шагналыг хүртэх болсон шалтгаан нь би уул уурхайн салбарт гагнуурчнаар 41 жил ажилласан хөдөлмөрийг минь төр засгаас өндрөөр үнэлж байна гэж ойлгож, баярлаж хүлээн авсан.
-Таны энгэрт байгаа Гавьяат уул уурхайчны цол тэмдэг үнэхээр сайхан харагдаж байна. Энэ тэмдгийг зүүж байх тэр мөчид танд яг юу бодогддог юм байна?
-Тэр мөчид би хамт олноо л бодсон. Би ганцаараа бол юу ч хийж чадахгүй шүү дээ. Энэ сайхан хамт олон, зааж сургадаг мэргэжилтэн багш нар, найз нөхөд бүгдийнх нь оролцоо байсан. Тэднийгээ би үргэлж дурсаж явдаг. Миний анхны багш бол Михайл Николайевич Панарин гэдэг хүн байсан. Орос гагнуурчин хүн байсан. Энэ хүний ач тус маш их гэж боддог. Би 2010 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн шилдгийн шилдэг ажилчин болж байсан. "Ямар ч байсан манай үйлдвэр дэлхийн тэргүүлэх зэргийн 10 үйлдвэрийн нэг. Энэ сайхан үйлдвэрийнхээ тэр олон мянган сайн ажилчид дундаас шилдгийн шилдэг болно гэдэг миний хөдөлмөрийг үнэлж байна даа" гэж тэр үед бодож байсан.
Сая гавьяат авахад бодогдохгүй юм байгаагүй. Сайхан юм билээ. Ийм шагнал авна гэдгээ би мэдээгүй. Нэгдүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордноос залгаад "Хоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордны урд хаалган дээр 10:00 цаг бэлэн байгаарай" гэж хэлсэн. Тэр үед би хотод хүүхдийндээ байсан. Хоёр хоногийн дараа бичиг баримтаа үзүүлээд орсон. Олон мундаг хүмүүстэй хамт шагналаа авсан шүү дээ. Манай Уул уурхай ассоциацийн дарга Дамба гээд олон мундаг хүн байсан.
-Таныг шагнаж байгааг зарлан байх тэр агшинд хэр догдлов?
-Ах дүү нар бүгдээрээ ирсэн байсан. Аав, ээж минь байсан бол сайхан байж дээ гэж бодогддог юм билээ. Төрүүлж өсгөсөн эцэг эх гэдэг бол хүний хамгийн ихээр шүтэж биширч, зүрхэндээ хайрлаж явах эрхэм зүйл бол тэд минь шүү дээ. Тэднийгээ байхад нь энэ амжилтад хүрч чадаагүй ч тэнгэрийн орноос харж байгаа байх аа.
-Аав ээжээсээ та хэдүүлээ билээ?
-Аав ээж маань гурван хүү, дөрвөн охинтой. Долоон хүүхэдтэй айлын нэг нь би. Ах дүү нар маань Төв аймгийн Эрдэнэ сумд аж төрж байна. Өнгөрсөн зун би очоод ах дүүсээрээ цуглаад гавьяат цолоо тэмдэглэсэн. Яг Сүмчингээс гаралтай хүний хувьд гавьяатын анхдагч боллоо гэж надад хэлэхэд нь их баярласан.
-“Эрдэнэт үйлдвэр”-тэй ажил амьдралаа хэрхэн холбов, анх ажлын гараагаа яаж эхлүүлж байв?
-Би 1976 онд Налайх хотын дунд сургуульд 8 дугаар анги төгсөөд Геологи, уул уурхайн яамны нэр дээр ОХУ-ын Техник мэргэжлийн сургуульд суралцахаар явж байсан. “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах ажилтан бэлтгэх зорилгоор тухайн үед ийнхүү явуулж байв. Би гагнуурчнаар хоёр жил суралцаад 1978 оны зургаадугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-т ирсэн. Ажлын гараа маань анх ингэж л эхэлсэн. Аравдугаар сарын 1-нд Хүдрийн ил уурхай анх байгуулагдаж, уурхайн анхны монгол гагнуурчнаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс хойш 2019 оны нэгдүгээр сар хүртэл тасралтгүй 41 жил гагнуурчнаар ил уурхайд ажилласан.
-Тэр үед ирж байхад Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр” ямар дүр зурагтай угтсан бэ, их бүтээн байгуулалт ид өрнөж байсан уу?
-Намайг анх ирж байхад эхний гурван микро раион баригдчихсан, Гендрекц дөнгөж ашиглалтад орж байв. Бид Гендрекцээс ирж томилолтуудаа аваад ажилдаа гарч байсан. Тэр үед “Эрдэнэт үйлдвэр” ч , Эрдэнэт хот маань ч одоо үетэй харьцуулахад жижигхэн байсан. Бүтээн байгуулалтын ид үеэр орос ажилчид маш их байсан. Манай “Эрдэнэт үйлдвэр”-ийг хүлээлгэж өгөх гээд, хот ч өргөжин тэлж байсан тэр үед маш олон ажилтан байсан.
-Ирээд хаана суув?
-Улаанбаатараас бид таван автобустай гарч байлаа. “Паз” автобусанд гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн, дээд мэргэжилтэй, манайд ажиллаж байсан улсууд байсан бол “Ляз” дөрвөн автобусанд гадаад, дотоодын ТМС төгссөн, илгээлтээр ирж байгаа хүмүүс гэр бүлийн хамт байсан. Их, дээд сургууль төгссөн болон гэр бүлээрээ ирсэн хэсэг нь Гендрекцийн урд байгаа, дөнгөж ашиглалтад орсон 16 дугаар байранд орж байсан. ТМС төгсөж ирсэн бид сургалтын төвийн дотуур байранд орж байсан. Дараа нь хичээл эхлэхэд сувиллын байранд байрлаж байгаад ар гэртэй болж, ахуй амьдралаа хөөцгөөсөн дөө.
-Манай үйлдвэр бол яах аргагүй Монгол Улсаа авч яваа том үйлдвэр-
-”Эрдэнэт үйлдвэр”-тэй ажил амьдралаа холбосон 41 жилийн дараа эргээд харахад ямар дурсамж илүү тод байдаг вэ, 41 жил гэдэг бас л урт хугацаа шүү...
-Манай үйлдвэр бол яах аргагүй Монгол Улсыг авч яваа том үйлдвэр. Олон, олон Эрдэнэтчүүдийн бахархал нь. Энэ том үйлдвэрт, энэ олон мянган ажилчид, энэ сайхан хамт олны дунд хөдөлмөрийн гараагаа эхлүүлээд тэтгэвэрт гартлаа ажилласан гэхээр бахархах сэтгэл төрдөг. Үнэхээр сайхан санагддаг. Манай Эрдэнэт хотод амьдарч байгаа хэн бүхэн бор уулаараа, үйлдвэрээрээ, хотоороо бахархахгүй байж чаддаггүй. Би ч тэдний нэгэн адил үргэлж бахархаж, талархаж явдаг. Миний амьдрал энд л эхэлсэн. Би дөрвөн охинтой хүн. Тэд минь бүгдээрээ л Эрдэнэт хотод төрсөн. Хоёр бага охин маань Улаанбаатар хотод, хоёр том охин маань Эрдэнэт хотдоо ажиллаж, амьдарч байна. Нэг охин маань яг миний мэргэжлээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн цехэд гагнуурчнаар ажиллаж байгаа. Тэгэхээр бахархахгүй байх арга байхгүй. Хэдийгээр би Төв аймгийн Эрдэнэ сумын хүн ч Эрдэнэт хотод ирээд 45 жил амьдарч байна гэхээр энэ хотынхоо уугуул болчихож байгаа юм.
-Гагнуурчныг төмрийн үйлчин гэдэг. Та өөрийн ажил, мэргэжлийнхээ талаар ярьж өгөөч? Та ил уурхай дээр ямар бүтээн байгуулалтуудад ажиллав?
-Би 1971 онд түлш эрчим хүчний ахмад уурхайчид ярьдаг байсан. Тэр үед Засвар механикийн үйлдвэр ашиглалтад ороогүй, Цутгуурын цех ашиглалтад ороогүй, хамгийн их хийлгэдэг зүйл нь эксковторын шанага байсан. 1979 онд би “Эрдэнэт үйлдвэр”-т орсныхоо дараа найман эксковаторын 4.6 куб метртэй шанагыг хуяглах шинэ санаачилга гаргаж байсан. Энэ өдрөөс хойш олон жил болсон, олон зүйл ч хийх гэж оролдсон. Зарим нэг зүйл нь бүтэмжтэй болсон. Ялангуяа, өрмийн хошууг манайх Уралаас авдаг байлаа, 244.5 диаметртэйг. Дараа нь 2000-аад оны эхээр Канад, Америкийн өрмийн хошуу авдаг байсан. Тэдгээр нь хэдийгээр өрөмдлөгөө их явдаг ч гэсэн үнэ өртөг өндөр байсан. Элэгдэл багатай олон метр өрөмддөг ч өндөр үнэтэй гэсэн үг. Сүүлд нь Боллбурбашийнхыг авч эхэлсэн. Энэ нь 255.5 мм диаметртэй цооног өрөмддөг. Энэ өрмийн хошуунууд нь ойролцоогоор 3000 орчим ам.долларын үнэтэй гэж ярьдаг. Тээвэрлэлт зэрэг зардал бас нэмэгдчихнэ. Тэгвэл тэдгээр хошуунуудыг сэргээн засварлах технологийг боловсруулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, өрөмдөөд хэрэггүй болж хаясныг дахин засварлана гэсэн үг. Зарим өрмийг зургаан сар засварлаж байсан. Ингээд сар 6000 орчим куб метр уртааш өрөмдөхөөс заримыг нь миний хийсэн өрмөөр өрөмдөж байлаа.
Түүнчлэн сүүлийн үед гарч ирсэн Libher экскаваторын шүд гэж байдаг. 2010 оны үед манайд шүд ховордсон юм. Худалдан авах чадвартай ч холбоотой байсан байх. Хааяа нэг онгоцоор авчирна. Маш өндөр өртөгтэй. Нэг удаа авчраад комоор нь зургаан шүд солиход ойролцоогоор 22-23 өдөр ашиглаад л дараагийнхыг нь тавих шаардлагатай болж элэгддэг. Солихгүй бол экскаватор ажиллахгүй, өрмийн хошуугүй бол өрөмдөхгүй шүү дээ. Тиймээс тэр хошууг яаж сэргээн засах вэ гэдгийг бодоод хуучин хаясан шүднүүдийг нь тайрч, дахин угсарч гагнаад ажиллуулж үзсэн. Ингээд яг ижил 23 орчим өдөр ашиглах боломж бүрдсэн. Асар их хэмнэлт болсон. Өрмийн хошуу янзлаад нэг куб метр өрөмдөхөд ямар үнэтэй байх билээ. Гэтэл нэг хошууг сэргээн засахад 800-1800 метр куб хэмжээтэй өрөмдлөг хийж байсан.
-Өрмийн хошууг сэргээж, тэр нь цаашаа өрөмдлөг хийнэ гэхээр гагнуурыг нэлээд сайн хийж байж л тэр нь явж байна, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Зүгээр нэг торгоогоод орхиж болохгүй. Панелынхаа зузаан нимгэнийг тооцно, өндөр халуунд тэсвэртэй тэр ганг ямар электродоор гагнах вэ гээд бүгдийг тохируулж байж л хийхгүй бол ажиллахгүй шүү дээ.
-Үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх, хэмнэлт хийх гэх мэтчилэн шинэ санаачилга гаргаад та ажилласан байна шүү дээ. Үйлдвэрийнхээ өөр юугаар нь та бахархдаг вэ?
-Манай үйлдвэр бол миний бодлоор зөвхөн Монголынх биш, ОХУ, Казахстан, Киргизстан гэх мэт тэр үед 15 холбооны улс бүрээс хүмүүс ирж ажиллаж байсан. Тэр бүх орны соёл манай хотод эмх цэгц гэдэг зүйлийг төлөвшүүлсэн гэж боддог. Мөн яаж ажиллах вэ гэдгийг сургасан. Цагийг маш нарийн баримтална. Ер нь гадаадтай хамтарсан хамгийн том үйлдвэр нь байсан болоод ч тэр үү, бусад орны туршлага, тэр хүмүүсийн хэрхэн хөдөлмөрлөж байгаа байдлууд тэр чигтээ манай үйлдвэрийн ажилчин, нэгж, хэсэг бүрд шингэсэн гэж боддог. Тэр үед ажиллаж байсан туршлагатай орос ажилчидтай бид багш шавийн гэрээтэй ажилладаг байсан. Тэд өөрсдийнхөө хийж чадах бүхий л зүйлийг заана. Жишээ нь, ямар электродоор юуг гагнаж болдог, болдоггүйг хүртэл заадаг байсан. Тэр улстай бид хамтарч ажиллаж, мэдлэг чадварыг нь эзэмшсэн гэсэн үг. Одоо ч энэ туршлага хэрэгжсээр байгаа.
-Шавь нар маань сайхан ажиллаж байгаа-
-Мэргэжил бүхэн сайхан. Мэргэжлээрээ тасралтгүй 40 гаруй жил тогтвортой ажиллана гэдэг хувь хүний сонирхол, идэвх, хариуцлага гээд олон зүйл нөлөөлж таарна. Таны ажил мэргэжлийн сайхан нь юу вэ?
-Хүний амьдралын хувь тохиол гэж их сонин. Би анх сургуульд явахдаа гагнуурчин болно гэж айхтар бодоогүй л явсан. Орост очсон хойноо эхлээд энэ мэргэжлийг эзэмшиж чадах уу гэж жаахан эргэлзсэн. Бэрхшээл эхэндээ тулгардаг юм билээ. Нүд өвдөнө, электродоо ширээн дээрээ наачихна. Бээлий өмсөөгүй, нүцгэн гараараа барьж аваад түлнэ. Гэхдээ л миний мэргэжил их сайхан. Хүн гагнуурын оёос тавиад, оёос нь гоё болох тусам л улам урамшиж, дурлаж байдаг. Ер нь гагнуур хийнэ гэдэг их нарийн, хүний гар, нүд, ур гурав хосолж байж хийдэг ажил. Өндөр мэдрэмж шаардана. Ийм болохоор мэргэжлээрээ их бахархдаг. Хүн ер нь ажлыг дурлаж, хайрлаж хийх тусам л түүндээ улам дуртай болдог шиг санагддаг.
-Таныг их олон шавьтай гэж сонссон. Шавьтай хүн гэдэг таны сурсан зүйл цаашид ч гэсэн үргэлжлээд, бусдад өвлөгдөөд явна л гэсэн үг шүү дээ...
-Тийм шүү. Надад их олон сайхан шавь бий. Одоо ил уурхайд ажиллаж байгаа гагнуурчид ихэвчлэн миний шавь нар. Ганц хоёрхон туршлагатай ажилчид энд тэндээс авснаас биш бусад залуучууд дандаа миний шавь нар байгаа. Тэд маань ямар нэгэн гологдол гаргахгүй, үнэхээр сайн ажиллаж байгаа. Зарим нь ил уурхайн туршлагатай ажилчдын тоонд хэдийнэ ороод ажиллаж байна. Зарим нь 20-иод жил ажиллачихсан, шинэ хүмүүст зааж, зөвлөөд, сургаж байгаа.
-Гагнуурын ажлыг их хүнд гэж хардаг. Нүд өвддөг тухай та ярилаа. Хүмүүс бас хэлдэг. Мөн электродын тортог, утаа зэрэг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй байх. Үүнтэй хамт хөдөлмөрийн аюулгүй байдал гэж чухал зүйл байгаа. Энэ дээр та юу хэлэх вэ?
-Намайг анх ирээд гагнуур дээр сургаж байхад би V экскаваторын угсралт дээр шууд ажилласан. Тэр үед ажиллаж байсан Галиев гэдэг хүн надад "Гагнуурчин хүн гагнуураас гарч байгаа тоосонцроос хамгаалахын тулд цаг үргэлж маск зүүж бай. Энэ бол утаа биш тоосонцор. Хоёрдугаарт, хараа муудах учраас хэзээ ч шилгүйгээр, баггүйгээр гагнуур хийж болохгүй. Гуравдугаарт, хэзээ ч тамхи татаж болохгүй шүү" гэж хэлж, шаардлага тавьж байсан.
-Тамхи татахгүй байх нь таны ажилтай ямар холбоотой байсан хэрэг вэ?
-Жишээлбэл, гагнуурын утаа уушги руу орлоо гэж бодъё. Дээр нь тамхи татахаар тамхины бохь, гагнуурын утаатай нэгдэхээр юу болох билээ. Тиймээс би тэр үгнээс нь огт гажаагүй. Надад дээр үеийн нэг зураг байдаг. Тэр зурагт бүгдээрээ маскгүй байхад би л ганцаараа өрөөсөн талыг нь резинээр татчихдаг дээр үеийн маск зүүсэн байдаг юм. Өөрийгөө би их сайн хамгаалсан гэж боддог. Нүдний хараа ч гэсэн одоо зүгээр, сайн. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал маш чухал байгаа биз.
Тэрнээс гадна 8, 10 куб метрийн багтаамжтай экскаваторын гар буюу дээш доош хөдөлгөөнийг залдаг нарийхан хэсэг их элэгддэг. Тэр элэгдлийг багасгахын тулд тайраад голд нь арай эрүүлийг нь эргүүлж хийгээд гагнаж байгаа юм. Бас л оновчтой санаа л даа. Тэгэхийн тулд тэр нарийхан турбан дотор орохоос өөр ямар ч арга байхгүй. Тийшээ орохын тулд баг зүүхгүй бол болохгүй. Хамгаалалтын маск гээд цэргийн зориулалттай баг зүүж ороод гагнадаг байсан. Тэгэхгүй бол тэр дотор ороод угаартана. Тэгэхээр их нарийн.
-"Эрдэнэт үйлдвэр”-ээс гадна Монгол орны хаана таны шавь нар ажиллаж, амьдарч байна вэ?
-Гагнуурын сургалтын төв буюу 45 хоногийн курсийг төгссөн хүүхдүүд манайд ирж 45 хоног дадлага хийдэг юм. Курс төгссөн хүүхдүүд онолын хичээлүүдээ үзээд, электрод гэж ямар зүйл байдгийг сонсохоос биш яаж гагнадгийг суралгүй ирдэг. Ингээд бүх цехээр тардаг. Манай цехэд бол 4-5 хүүхэд 45 хоногийн курсээ төгсөөд ирдэг байсан. Ирсэн хүүхдийг дааж аваад л эхнээс нь зааж эхэлж байгаа юм, манайхан. Босоо, хэвтээ гагнуур яаж хийх вэ, ямар электродоор юу гагнах вэ, металл гэж юу вэ, яаж таних вэ гээд л эхэлнэ.
Наад зах нь точил дээр металлыг бариулаад ямар оч үсэрвэл өндөр чанаржуулсан буюу нүүрстөрөгчтэй ган болж хувирах вэ гээд бүгдийг зааж, хэлнэ. Тэгэхгүй л бол тэр хүүхдүүд гаднаас нь хараад металлыг мэдэхгүй шүү дээ. Экскаваторын шанага л гэхэд марганз, чанаржуулсан ган байдаг. Үүнийг энгийн электродоор гагнах ямар ч боломж байхгүй. Эндээс эхлээд бүгдийг нь сургаад 45 хоногийн дараа шалгалтыг нь өгүүлээд л гаргадаг.
-Их спортыг шүтэн биширдэг, хөлбөмбөг тоглодог байлаа-
-Хамт олон гэдэг хүний амьдралын маш чухал хэсэг байдаг. Хүн гэрээсээ илүү ажил дээрээ олон цаг өнгөрүүлдэг. Залуу нас, амьдралын хамгийн сайхан мөчүүд хамт олон дунд өнгөрдөг. Хамт олныхоо талаар та юу хэлэх вэ?
-Анх гурван слесарь, орос, монгол гагнуурчин гээд ерөөсөө тавуулаа л Засварын хэсэг гэсэн бригад байгуулагдаж байсан. Сүүлд нь 1993 онд бид Засварын тусгай хэсэг болж гарсан. Нэг кран, урсгал засварын хоёр бригадтай, аваарын нэг бригад, токарьчид, талбайн ажилчид гээд 36 хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Дараа нь 1997 онд манай Засварын хэсэг өргөжөөд 90-ээд хүнтэй том цех болсон. Хамт олноороо үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Миний хамт олон намайг их дэмждэг. Бид спортоор их хичээллэдэг байлаа. Тэмцээн уралдаан болохоор л манай Засварынхан түрүүлнэ.
-Тэмцээн гэснээс та спортоор хэр хичээллэдэг вэ?
-Би багаасаа их гүйдэг байсан. Налайхад дунд сургуульд сурч байхдаа хөнгөн атлетикаар хичээллэдэг, Уурхайчин нийгэмлэгийн дундын зайн гүйгч байсан. 800, 1500, 3000 метрт гүйдэг байсан. Оросод очсон хойноо сагс тоглох дуртай болсон. Энд ирсэн хойноо ч гэсэн цехийн шигшээгийн бүрэлдэхүүнд орж тоглодог байсан. Сүүлд нь 1984 оноос эхлээд хүндийн өргөлтөөр хичээллэсэн. Улсын II зэрэгтэй тамирчин байж байгаад нуруундаа гэмтэл аваад орхисон. Ер нь спортыг их шүтэн биширдэг. Хөлбөмбөг бас тоглодог байлаа.
-Та чинь спортын их олон төрлөөр хичээллэж, сайхан амжилтууд гаргаж байжээ. Амьдралын зөв хэвшил талаасаа ч спорт чухал. Та залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?
-Спорт бол бие бялдрыг хөгжүүлэхээс гадна тэвчээр, хатуужилтай болгодог. Сүүлийн үед хараад байхад залуучууд маань компьютер, гар утас руу хэтэрхий ороод байх шиг байна. Спортын аль нэг төрөл тууштай яваарай, хичээллээрэй гэж хэлье. Хүний ажил, амьдралд олон талын эерэг нөлөө үзүүлдэг. Спорт бол хүнийг эрүүл, хөнгөн шингэн байлгалдаг. Элдэв муу зуршлаас ч холдуулна.
-Ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд бас баярлалаа, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье.