Удам дамжсан уурхайчин Чулуунбаатарын Энхбатыг танилцуулж байна. Тэрбээр геологич мэргэжилтэй. “Энержи Ресурс” компанид өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Уугуул нутаг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Аав, ээж нь геологи хайгуулын салбарт насаараа зүтгэсэн хүмүүс, тодруулбал өнөөгийн Тавантолгойн бүлэг ордын хайгуулын ажилд оролцсон билээ. Төвийн геологийн экспедиц гэж том баг бүрэлдэхүүн тухайн үед Тавантолгой бүлэг ордыг судалж байлаа. 1978-1991 оны хооронд Тавантолгойн бүлэг ордын хайгуул судалгаанд түүний аав, ээж ажиллаж байх үед Энхбат мэндэлж, хожим аав ээжийнхээ залуу нас, ажил хөдөлмөрөө зориулсан Тавантолгой орд, түүний нэгээхэн хэсэг Ухаа худаг уурхайд тэрбээр өдгөө ажиллаж байна. Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг тодорхойлж, тэргүүн эгнээнд нь явдаг салбар бол геологи хайгуул юм.
Ч.Энхбат геологич мэргэжлийн сайхныг, халуун хүйтэнд харшуулах бэрхийг, хээр хөдөө явж өлчир суухыг тэр багаасаа мэдэрч, ойлгож өссөн. Үүнд түүнийг аав нь замчлан хөтөлж, ирээдүйн ажил, мэргэжлийн зүгээ олоход нь чиглүүлж өгчээ. Хээр хөдөө аавыгаа дагаж, ажилд нь тусалж явах түүнд эхэндээ тун сонирхолтой санагддаг байсан бол хожмоо ажил амьдрал нь болсон юм. Энхбатын аав нь геологийн салбар дотроо өрөмдлөгийн салбарынх. Өрөмдлөг бол геологийн гол цөм нь.
Цогтцэций сум сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн ихээр хувьсан өөрчлөгдсөн. Том суурин газар болсон. Олон газрын улс олон талаас ирж суурьсан. Үүнд уул уурхайн салбар, тэр тусмаа Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь шууд нөлөөлсөн юм. Ч.Энхбатын бага нас Цогтцэций суманд өнгөрсөн. Зургаан нас хүртлээ сумандаа өссөн тэрбээр хожим хойно эргэн ирж ажиллах хувь ерөөлтэй байжээ. Зөвхөн ирж ажиллах төдий бус нутагтаа амьдрах учиртай байв.
Геологич мэргэжлийг сонгон суралцаж, мэргэжлээрээ ажилласан нь түүнийг төрөлх нутагтаа төвхнөх эхлэл нь болсон байна. Ч.Энхбат бага насны бүдэг бадагхан дурсамж тээсээр Цогтцэций сумынхаа барааг 2008 онд харав. Ирээгүй мөн их уджээ. Төрсөн нутагтаа их сургуулиа Геологич мэргэжлээр төгссөн, 23 настай залуу хөл тавилаа. Сумын хамгийн өндөр барилга нь Борын нэрэмжит 1-р сургууль. Хөл хөдөлгөөн багатай. Хааяа нэг машин тэрэг явж үзэгдэх. Эль хуль оргих. Тог цахилгаан нь байнгын биш ээ. Орон нутгийн “Тавантолгой” уурхайгаас дизель генератораар тог татна. Зарим орой лаа шүдэнзээ ойртуулна. Зуны улиралд сумын төв эзгүй шахам.
Ч.Энхбатын хувьд амьдралын шинэ хуудас эхлэв ээ. Дөнгөж л үйл ажиллагаа нь эхэлж байсан өнөөдрийн ажилдаа 2009 онд геологичоор орлоо. Буйдхан сум нь түүнийг ирсэн цагаас хойш буцалсан их хүнтэй болж, хөл хөдөлгөөн нь дийлдэхгүй, хөгжил гэдгийг бодитоор харж болохоор түвшинд хүрч ирэв.
ШУТИС-ийн Геологийн ангийг 2003 онд Ч.Энхбат авлаа. Аавынхаа мэргэжлийг эзэмшихээр болж байгаа нь энэ. Геологийн ангид орохоор болсноо тэр үед аавдаа ч хэлсэнгүй. Аав нь Заамарт ажиллаж байсан, байж таараагүй тул хэлэх, ярих боломж гарсангүй. Одоо шиг гар утсаар байнга яриа нь ховор үе. Хүн болгонд гар утас ч байдаггүй байв. Тэгсэн аав нь ярьж байна аа, ээж хүү чинь геологийн анги авчихсан шүү гээд. Ийм яриа Чулуунбаатарын гэрт болжээ. Хүүгээ өөрийнх нь мэргэжлийг сонгосонд гүндүүгүй аав нь “За яах вэ, жаахан хэцүү мэргэжил шүү. Гэр орноосоо хол, хээр хөдөө их явна, одоо тэгээд өөрөө сонгосон юм байна” гээд, мэргэжлийн яриа өндөрлөв.
2003 онд хуульч мэргэжил рүү олон хүн хошуурч байсан цаг үе. Хүүхдээ хуульч болгоно гэж зүтгэх улс ч их байв. Хүүгээ хуульч болох юм болов уу гэж аав нь бас боддог байж л дээ. Ингээд Энхбатын хувьд эргэлт буцалтгүй геологичийн замнал эхлэв. Сурлаа, сургуулиа төгслөө. Хүү том болжээ. Ажлын талбарт гарч ирлээ. Эхэндээ ч хүнд, хэцүү санагдах үе байна. Шантрах үе ч тулж ирнэ. Давна. Ажлынхаа үр дүнг үзээд урам орно, урагшилна. Хүч тэнхээ авна. Хүсэл мөрөөдөл улам тодорно. Мэдээж гэр орноосоо хол явахад зутрах, өлсөх цангах, даарах үе олон. Гэлээ ч энэ бүхнийг даваад, туулаад өнөөдрөө Чулуунбаатарын Энхбат нүүр бардам бүтээжээ. Мэргэжилдээ үнэнч үлдэж, одоо олон залуусыг араасаа дагуулж, сургаж, хамт ажиллаж явна. Уул уурхай, геологийн салбар ийм л тууштай, зүтгэлтэй, мэргэжилдээ үнэнч хүмүүсийн нуруун дээр оршин тогтнож, улсын эдийн засгийг багана мэт тулж байна.