Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг үе шаттай хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ
1 Цагийн өмнө
52
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг үе шаттай хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.08.25) Япон Улсын Байгаль орчны дэд сайд Аояма Шигэхарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Аояма Шигэхарү Япон Улсын зүгээс хоёр орны харилцааг ихээхэн чухалчилж үздэгийг тодотгов.

Түүнтэй Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнгөрсөн тавдугаар сард уулзсанаас хойш Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийн төслийг боловсруулж, цаашид эх үүсвэрүүдийн хольц ямар байх зэргийг тодорхой тусгаж, хийх ажлуудаа төлөвлөсөн зэрэг ахиц гарсныг тэмдэглэв.

Мөн тэрбээр “Япон бол Монгол Улсад асуудал тулгарвал хамгийн түрүүнд ханддаг гуравдагч хөрш орон. Эрчим хүчний салбарт 1990 оноос хойш хамгийн хүнд үеүдэд Япон орон бидэнд тусалсныг монголчууд одоо хүртэл талархан дурсдаг.

Хоёр улс эрчим хүчний салбарт олон төслийг дандаа амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Бидний зүгээс хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргах, томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Дэлхий дахины эрчим хүчний хэрэглээ таашгүйгээр нэмэгдэж буй өнөө үед Монгол Улс нүүрс, сэргээгдэх эх үүсвэрийн нөөцөө ашиглан хараат байдлаас гарч, цаашилбал бүс нутгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, цахилгаан нийлүүлэгч болохыг зорьж байгаа” хэмээн онцоллоо.

Усны асуудлаас болоод УЦС барих ажил Монголд олон жил хойшилж буй. Иймээс устөрөгч, усан цэнэгт цахилгаан станц барих нь чухал байгааг сайд Б.Найдалаа хэлэв. Түүнчлэн Монгол Улсын 330 суманд төвлөрсөн бус сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг үе шаттай хөгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсад хамтарсан кредит олгох механизм (JCM) хэрэгжиж эхэлснээс хойш 140 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 40 орчим сая ам.доллар нь Япон Улсын Засгийн газраас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон дэмжлэг байна. JCM-ын хүрээнд Монголд нарны цахилгаан станц, өндөр үр ашигтай халаалтын болон дулаан дамжуулах систем, эрчим хүч хадгалах дэвшилтэт шийдлүүд бүхий нийт 42.7 МВт-ын найман төсөл амжилттай хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан. Цаашид Монголын аж ахуйн нэгжүүд дээрх механизмаар төсөл хэрэгжүүлэх явцыг хурдасгах, мөн эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Япон Улсын Байгаль орчны дэд сайд Аояма Шигэхарү Монгол Улсад зун, өвлийн улирлын шалтгаалж эрчим хүчний хэрэглээний тэнцвэргүй байдал үүсдэг тул батарей хуримтлуурын төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа хэлэв. COP-17 хуралд оролцохоор ирсэн тэрбээр Монголд дээрхээс гадна сэргээгдэх эх үүсвэрийн төслүүд хэрэгжүүлэх, энэ чиглэлээр туршлагаасаа хуваалцах боломжтой гэлээ. Мөн тус улс хог хаягдал, тэр дундаа салхин цахилгаан станц гэхчлэн сэргээгдэх эх үүсвэр, батарей хураагуурын хог хаягдлыг дахин ашиглахад хуримтлуулсан туршлагаа хуваалцах боломжтойг дурдав. Уулзалтын төгсгөлд талууд эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, Япон Улсын Байгаль орчны яамны “Ногоон устөрөгчийн тусгай хөтөлбөр”-өөс санхүүгийн дэмжлэг авсан Монгол Улсын анхны ногоон устөрөгчийн туршилтын төслийг хэрэгжүүлэхээр Япон, Монголын компаниуд хамтран ажиллаж байгаа билээ.

 

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.